Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил энэ хавраас эхэлнэ. Харин эл ажлыг хариуцсан “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржтой энэ талаар ярилцлаа.
-Бүтэшгүй санаа мэт санагддаг байсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын сонгодог жишээ нь “Хилчин” хотхон боллоо гэж бодож байна?
-Тийм ээ. Гол нь, “Хилчин” хотхоны 168 айл эвлэлдэн нэгдэж чадсан. Тэдний амьдарч буй орчноо өөрчилье гэсэн санаачилга дээр БХБЯ, НЗДТГ, НҮБ-ын “Хабитат” төслийнхөн хамтран ажилласнаар амжилттай хэрэгжсэн хэрэг. Иргэд надаас манайх хэзээ дахин төлөвлөлтөд орох вэ гэж асуудаг. Үнэндээ, энэ эрхээ 2012 оны сонгуулиар олж авсан шүү дээ.

 

Харин хотын төлөвлөлтөд тусгасан ээлжээ хүлээх үү эсвэл хоорондоо эвлэлдэн нэгдэж газраа шинэчлэн зохион байгуулах уу гэдэг нь тухайн хүмүүсийн эрх. Газрын эзэд л эвлэлдэн нэгдэж чадвал энэ ажил хурдан явна. Гэхдээ “Хилчин” хотхоныхны тухайд эвлэлдэн нэгдвэл орчноо өөрчилж болдог юм байна гэдгийг харуулсан. Гэхдээ тэд инженерийн асуудлаа шийдсэн болохоос хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийн газрын асуудлыг шийдээгүй. Уг нь, инженерийн шийдлээс гадна нийгмийн асуудлаа давхар шийдсэн бол жинхэнэ ая тухтай амьдрах нөхцөл нь бүрдэх байсан. Цаашдаа бид энэ зарчмаар л ажиллана гэж бодож байгаа.


-Тэгвэл зөвхөн амьдарч буй нөхцөлөө сайжруулъя гэсэн хүсэлт хэр ирэв?
-Одоогоор манайд 23700 хүний хүсэлт ирсэн. Гэхдээ энэ тархай, бутархай. Өөрөөр хэлбэл, нэг гудамжнаас нэг л хүн саналаа өгсөн байх жишээтэй. Тиймээс энэ хүмүүст суурилан үлдсэн газар өмчлөгч рүү чиглэсэн ажил хийе гэж төлөвлөж байна. Энэ хүрээнд ч 37 бүлэг байгуулагдаж, манай мэргэжилтнүүд хамрах хүрээг нь тогтоож, сургалт явуулж байна. Өнгөрсөн жил хичээлийн шинэ жил гэж зарлан иргэдэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсанаар амьдрах орчноо хэрхэн өөрчилж болох талаарх мэдээлэл хийсэн. Учир нь, мэдлэг, мэдээлэлтэй хүн зөв сонголт хийнэ шүү дээ.
-Иргэдийн сонголтоор гэр хорооллын аль хэсэг орон сууц эсвэл амины хаус байх уу гэдгийг шийднэ гэсэн. Гэтэл манай гудамжныхан орон сууц бариулна гэж тохирсон ч ганцхан айл хаус барина гэвэл яах уу. Амьдралд ийм тохиолдол олонтаа?
-2013 оны арванхоёрдугаар сард хотын удирдлагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Эл төлөвлөлтөөр нэлээн нарийн тусгасан л даа. Гэхдээ бид захиргааны аргаасаа илүүтэй иргэдтэйгээ хамтран гэр хорооллыг хэрхэн өөрчлөх боломжтойгоо хэлэлцэн төлөвлөх ёстой юм. Үнэндээ, гэр хорооллын иргэний амьдралын баталгаа нь газар нь шүү дээ. Нийтийн, амины хаусын аль нь танд үлдэцтэй, ашгаа өгөх гэдэг талаас нь маш сайн мэдээлэл өгөх учиртай. Тиймээс л иргэд эвлэлдэн нэгдэх ёстой гэж яриад байгаа маань энэ. Хашаа, хашаагаар наймаа хийх нэг хэрэг, хамрах хүрээгээрээ хийх бас нэг өөр шүү.
-Энэ бас л амьдралд байдаг жишээний нэг. Нэг том хашаанд хүү, хүргэнтэйгээ амьдардаг айлуудын хувьд байдал яаж өөрчлөгдөх бол?
 -Газрынх нь зохион байгуулалтыг харна. Дахин төлөвлөлт эхлэхээр хэн ч хүү, хүргэнээ хаяхгүй л гэнэ. Орон сууцтай харьцуулахад Лхагваагийн хүү, хүргэнд газрынх нь багтаамжийг хараад байшин барьж болно. Хэрвээ орон сууц сонговол зөвхөн газрын эзэн Лхагватай л гэрээ яригдана шүү дээ. Тэгээд ч орон сууцанд хоёр айл амьдарна гэдэг хэцүү. Харин хаусанд хоёр айл төвхнөн зүүн, баруун талаасаа ордог байж болох талтай. Өмчийн эзэн 100 айл бус өмчийг дагасан 200 айлын асуудлыг давхар шийдэж болдог нь энэ төлөвлөлтийн ач холбогдол оршино.  
-Газраа орон сууцаар сольсон иргэний түрээсийн байрны зардлыг компани хариуцана гэж заасан. Харин хаус бариулахыг илүүд үзсэн айлуудын асуудлыг яаж шийдэх вэ?
-Ээ дээ, нийлж нэгдэнэ гэдэг бүх ажлын 90 хувь шүү. Манайхны нэг дутагдал бол хөрштэйгөө амь нэг байж чаддаггүй. Нэг, нэгнийгээ бүтэхгүй хүмүүс гэж гайхан шогширдог энэ зан уу. Гэтэл энэ ажил маань иргэдийн оролцоотой, санаачилгатайгаар нэгдэн нийлэхгүй бол явахгүй. Газар зохион байгуулалтын есөн алхамд ч эхлээд урьдчилсан төлөвлөлт-бүлэг байгуулах-мөрөөдлийн төлөвлөлт-ерөнхий төлөвлөгөө-инженерийн байгууламжийн хүчин чадал гэсэн дараалалтайгаар ажлаа хийх ёстой. Харин газар шинэчлэн зохион байгуулах ажил эхлэхэд чөлөөлсөн айлууд сүүлд хамрагдах айлын илүү гэрт түр амьдарч болно. Энэ чинь л айл саахалтын амь нэг гэдгийн жишээ биз дээ.
-Ер нь, хэдэн өрх нийлбэл хотхон бий болох боломжтой юм бэ?
-Болдогсон бол 200 өрх нийлээсэй гэж бодож байна. 200 гэдэг маань 400 гаруй хүн ам гэсэн үг. Иргэд газраа хувь нийлүүлбэл дэд бүтцээсээ гадна нийгмийн  асуудал болох сургууль, эмнэлэг, цэцэрлэг барих газар ч гарна  шүү дээ.
-Гэр хороолол нийтийн эсвэл хаус болон хувирвал жилээс жилд нөөц багасч байгаа гэж мэдэгдэх дэд бүтийн салбарт ачаалал хэр өгөх бол. Энэ талын судалгаа хийсэн үү?
-Ер нь, аль болох ачаалал өгөхгүйгээр явна. Яагаад гэвэл, нийтийнхийг бодвол амины хаусны дэд бүтцийг яаж бол яаж ч шийдэж болно. Хэсэгчилсэн дэд бүтэцтэйгээр байгальд хор нөлөө бага, технологиор дулааныг нь шийдэж болно. Хилчин хотхон яг л энэ зарчмаар дулаанаа авч байгаа. Гэхдээ даварсаар даварсаар гэгчээр энэ эцсийн зөв шийдэл гэж бодохгүй л байна. Үүнээс ч өөрөөр шийдэж болох талтай. Ямар ч гэсэн хаусыг байгальд халгүй технологиор дэд бүтцийг нь шийдэхийг зорино. Бид чинь иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж, агаарын бохирдлыг бууруулна гээд байгаа шүү дээ.
-Компаниуд хэр сонирхож ирж байна.Танайд хандах юм уу?
-Компаниуд бол бэлэн шүү дээ. Гол нь, иргэд бэлэн болох ёстой. Тэрнээс сонирхож байгаа компани зөндөө. Сонирхохгүй байхын ч аргагүй. Хаус барих нь нийтийн барилгыг бодвол техник хэрэгсэл бага шаарддаг учраас харьцангуй зардал багатай босдог. Компанийн зардал ч бага гарна. Компани сонирхохгүй бол өөрсдөө  барьсан ч болно. Болохгүй юм байхгүй.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт газрыг жинхэнэ утгаар эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна гэж ойлголоо. Бид газрыг капитал хөрөнгө болгохын тулд олон ажил ажиллаж байгаа шүү дээ?
-Ер нь, амины гэдэг ойлголт соц нийгмийн ойлголт шүү. Тухайн үед амины мал, машин гэж ярьдаг,  хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа.  Харин өнөөдөр бид иргэдэд хувийн хаус л барьж өгөх гээд байгаа юм. Харин саяхан хотын удирдлага иргэдийн оролцоотойгоор төсвөө хэлэлцэхийн тулд юу хийвэл зүйтэй вэ гэсэн саналыг нь авсан. Гэхдээ эл ажлаас юугаараа онцлог вэ гэхээр бүхий л үйл ажиллагаанд нь газрын эзэн оролцох эрхтэй. Тэрнээс хашааны эздийн өмнөөс Баттулга, Бат-үүл шийдвэр гаргахгүй. Харин зөв шийдвэр гаргахад нь бид туслах ёстой. Цэгцтэй, дэд бүтцэд холбогдсон хаус хүссэн, хүсээгүй эдийн засгийн эргэлтэд орно.
-Өөрийн гэсэн өмчтэй болж байна гэсэн утгаараа хаус бариулах сонирхол иргэдэд бий. Гэхдээ зардал өндөртэй гэдгээс л халширдаг байх?
-Үнэндээ, яаж хямд зардлаар халаах уу гэдгээ эзэн л мэднэ шүү дээ. Хүсвэл газрын өмчлөгч тендер зарлахад, барилгын компаниа сонгон шалгаруулахад бүр баригдаж байх үед нь мэргэжлийн хяналтын үүргийг гүйцэтгэсэн ч болно. Энэ чинь иргэний оролцоо. Бид ямар ч мэдээлэлгүй гэр хорооллын бүсээс судалгаа авахад 60 хувь нь орон сууцаар солино гэж хэлдэг. Харин танд ийм боломж байна гээд мэдээлэл өгөхөөр сонголт нь өөрчлөгддөг. Магадгүй, хүний амьдрал бодсончлон тэгш, дардан явахгүй байж болно. Жишээ нь, газраа 60 саяар сольсон ахмад байлаа гэж бодьё. Газраа чөлөөлөөд хотын захад нүүж, хүүдээ машин, охиндоо худалдааны төвд лангуу авч өгч. Жилийн дараа наймаа мэдэхгүй охин нь дампуурч, өнөөх амин зуулга болсон машин нь эвдэрвэл  яах уу. Тэгэхээр иргэдэд энэ талын мэдээллийг маш сайн өгвөл гэр хорооллыг төлөвлөх ажил саадгүй явна.
-Тийм шүү. Ямар хотод амьдрахаа гэр хорооллынхон л шийднэ?
-Миний бодлоор төрөөс татаас авахгүй амьдарч байгаа хүмүүс бол гэр хорооллынхон. Яагаад гэвэл, орон сууцныхан улсын төсвийн хөрөнгөөр дээвэр, лифтиндээ засвар үйлчилгээ хийлгэдэг байх аа. Хэрвээ энэ хүмүүс хувийн хаус сонговол орон сууцны засварт зарцуулах улсын мөнгө хэмнэгдэнэ. Нөгөөтэйгүүр, нийтийн орон сууцанд амьдардаг хүмүүс сонгуулиар лифт сольсон, хүүхдийн тоглоомын талбай барьж өгсөн хүнийг сонгодог. Харин амьдарч буй орчноо өөрсдийнхөө санаачилгаар өөрчилсөн гэр хорооллынхон чөлөөт сонголт хийж, жинхэнэ мэдлэгтэй, чадвартай нэгнийг төрд хүргэх дуу хоолой минь гэж сонгох нь дамжиггүй.
-Өнөө үед дэд бүтцээ л шийдвэл байшин барих технологи маш хурдацтай өөрчлөгдөж байна. Газрыг шинэчлэн зохион байгуулах ажил эхэлбэл иргэд газрынхаа гэрчилгээг солиулах шаардлагатай болно. Бичиг цаасны ажил халшрамаар шүү дээ?
-Дашрамд, иргэдэд хандахад газрын албаныхан маш шуурхай ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Бичиг цаасны ажил саадгүй явна. Дахин төлөвлөлтөд орсон газрын гэрчилгээг хурдан гаргаж өгч байгаа гэж бардам хэлж чадах байна.
-Заавал хот дотор гэхгүй Нисэх, Шувуун фабрикийн иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ өгч болох уу. Амьдарч буй орчноо сайжруулахаар олон иргэн хүсэлтээ өгье гэж бодож байгаа?
-Хотын шинэ удирдлагын бүрэн эрхт хугацаа хүртэл энэ ажил хэрэгжих учиртай. Чи бид хоёрын жишээ болгон ярьсан Хилчин хотхон гэхэд харьцангуй хүнд нөхцөлтэй, уулын орой дээр шахуу газар байсан шүү дээ. Дахин төлөвлөлт хаана ч хэрэгжиж болно. Гол нь, хүсэлтээ гаргахаар шийдсэн хүмүүс надаас юу шалтгаалах вэ гэдгээ л тодорхойлоод шийдчих. Хөрш, гудамжныхантай яриад шийдчихвэл хөрөнгө мөнгө болоод барих асуудал нь төрийн ажил. Тиймээс л 180 мянган өрх зэрэг хөдөлж байж дахин төлөвлөлтийн ажил урагштай явна уу гэхээс хэчнээн захиргаадаад нэмэргүй биз дээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдрөөс Батлан хамгаалах яам болон Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн бэлтгэл сургалтанд сууж байна. Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар хамрагдсан энэхүү сургалтын нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хүрэлцэн ирсэн бөгөөд БХЯ, Нийслэлийн цэргийн штабын удирдлагууд байлцлаа.

 

Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн давтамжтайгаар 7 хүртэлх хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой байдаг бөгөөд Батлан хамгаалах яамнаас энэхүү сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ны үйл ажиллагаатай танилцан, улсын Батлан хамгаалах бодлого, улсын дайчилгааны төлөвлөлт, дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтыг орон нутагт зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтын талаар номын дуу сонсч, Бүх цэргийн Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх бөгөөд дараа нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиар зочилж, орчин үеийн буудлагын зэвсгийн үзэсгэлэн, ангийн бие бүрэлдэхүүний гардан тулаан, обьект чөлөөлөх, олзны хүн аврах зэрэг ажиллагааг үзэж сонирхоно. Мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол улсын батлан хамгаалах үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд сурталчлах, цэргийн алба хаах хэлбэрүүд, тэдгээрийг зохион байгуулж буй өнөөгийн байдал, цэрэг татлага, түүнтэй холбоотой цаашид анхаарах асуудлууд зэргийн талаар санал солилцож, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхоно. Мөн Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийнэ.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн  2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн.

 

Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, 27 дугаар хороо,  СХД-ийн  11, 24 дүгээр хороо,  тус дүүргийн 170-р цэцэрлэгийн хашаанд, СБД-ийн 17,  9 дүгээр хороо,  ХУД-ийн 10, 14, 15  дугаар хороо, БГД-ийн 22 дугаар хороо, ЧД-ийн 12, 16, 17-р  дугаар хороонд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төвсийн хөрөнгөөр барина. Цогцолборын барилга нь нэг маягын загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ  500 метрийн радиус дотор  хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм. Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь 2 хаалгатай, урд талаар гол орцтой,  хойд талаараа ажилчдын болон онцгой байдлын орцтой байх юм байна. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөөнүүд нар үзэх боломжтой төдийгүй, сургалт хүмүүжлийн барилгын норм дүрмийг мөрдлөгө болгон зураг төслийг боловсруулжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 16 настнууд өчигдөр Монгол улсын Иргэний үнэмлэхээ гардан авлаа. Энэхүү үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн хэлтсээс хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жил иргэний үнэмлэх авах Сонгинохайрхан дүүргийн 4000 орчим хүүхдийн төлөөлөл болгон тус сургуулийн 40 хүүхдэд иргэний цахим үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга М.Чинболд хэлсэн үгэндээ:

 

-Иргэн үгүй бол улс оршихгүйн учир энэ өдрөөс эхлэн туурга тусгаар Монгол улсынхаа тулах нэгэн багана нь болж, Монгол улсын иргэний цахим үнэмлэх гардан авч байгаад та бүгдэд баяр хүргэе гээд  хууль эрх зүй, уламжлал, зан заншлаа хүндэтгэн дагаж, гэр бүл,  эх орныхоо гэгээн ирээдүйн төлөө сэтгэл оюун, эрч хүчээ дайчлан зүтгэж, тулхтай, туйлбартай хүмүүн болон төлөвшиж Монгол улсын иргэний нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөсөн юм.

Эх орны ирээдүй болсон эдгээр хүүхэд хүсэл тэмүүлэл, догдлол дүүрэн байж үүрэг хариуцлагаа ухамсарласан Монгол Улсын иргэн болж төлөвшихөө илэрхийлж байлаа.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн  баталсан. Энэхүү журам  энэ сараас эхлэн мөрдөгдөж байгаа юм.
Журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь өөрсдийн бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна. Мөн худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй байхаас гадна аж ахуйн нэгжүүд нь стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг, цагийн хуваарийг монгол хэл дээр,  кирилл үсгээр  бичиж, ил тод харагдахуйц газар байршуулана гэж заасан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  АНУ-ын Азийн сантай хамтран  Нийслэлийн бүх хороонд амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн билээ. Энэхүү зураглалаас харахад согтууруулах ундаагаар үйлчлэх хамгийн их цэгтэй хороо нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо бөгөөд энд 86 цэг байдаг байна. Харин Баянгол дүүргийн 13-р хороонд 4 цэг байгаа нь согтууруулах ундаа худалдах хамгийн бага цэгтэй хороо болж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд 42 цэг байгаа юм байна.

 

Энэ үзүүлэлтээс харахад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Хүн амын тоотой  харьцуулахад согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалддаг цэгийн тоо зарим хороодод хэтэрхий олон байгаа юм.  Тиймээс архидан согтуурахтай тэмцэх, тусгай зөвшөөрөл олгох тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх, Монгол Улсын “Худалдаа, үйлчилгээний газрын стандарт"-ыг дахин судалж, ангиллыг тодорхой болгож нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орж батлагдтал тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосон юм. 

Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг 2012 онд 4009 байсан бол өнгөрсөн онд 3867 болж буурчээ. 2012 онд 259 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 2013 онд 668 цэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Ер нь цаашид тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлтийг өндөрсгөж, журамд нэмэлт шаардлагуудыг оруулан шинэчлэн боловсруулах, орон сууцны 1 давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болон ажлын байрыг түрээслэх асуудлыг бодлогоор зохицуулах, орон сууцны 1 давхар болон шинээр баригдаж буй орон сууцны үйлчилгээний давхарт тавигдах стандартын шаардлагад хяналт тавих асуудлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж  холбогдох байгууллагуудаас үзэж байна  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Согтууруулах ундаагаар үйлчилдэг хамгийн их, бага цэгтэй хороодын зурган харьцуулалт

 


 

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг цасны баяр  “Өвлийн Олимп-2014” нэрийн дор 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хандгайтын амны  Янзага зусланд боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/16 дугаар захирамжийн хүрээнд “Өвлийн Олимп-2014” уриан дор дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс, албад /25 байгууллагын /-ын 500 гаруй албан хаагчид оролцож, спортын 3 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

 

Цасны сумо:      Эрэгтэй:                                                                           

            1-р байр С.Батнасан /Нийтлэг үйлчилгээний төв/
            2-р байрт Б.Лхагвадорж  /Иргэдийн төлөөлөгчдийн хурал/
            3-р байр  Б.Рэгзэн  /Цагдаагийн II хэлтэс/

                                 Эмэгтэй:                                                              

            1-р байрт  Б.Отгончимэг /Эрүүл мэндийн нэгдэл/     
            2-р байрт  Ц.Алтанцацарал /Нийтлэг үйлчлгээний төв/                              
            3-р байрт  Ш.Энхцэцэг  /Цагдаагийн I хэлтэс/                                   

                Олс таталт:

            1-р байрт  Б.Бакыт даргатай Цагдаагийн II хэлтэс
            2-р байрт  С.Жавхлантбаатар даргатай Замын цагдаагийн тасаг
            3-р байрт Б.Энхтуяа  даргатай 6-р хороо

                Дартс:                                                            

            1-р байрт Д.Хадбаатар  /Замын цагдаагийн тасаг/             
            2-р байрт Д.Жаргалсайхан  /Цэргийн штаб/ 
            3-р байрт Н.Энхтөр /Нийгмийн даатгалын хэлтэс/     нар тэргүүн байруудыг эзэллээ.

Байгууллагын дүн:

            1-р байрт : С.Жавхлантбаатар даргатай – Замын цагдаагийн тасаг     /13 оноо/ 
            2-р байрт : Б.Бакыт даргатай  – Цагдаагийн 2-р хэсэг     /17 оноо/
            3-р байрт:  Х.Нямбаатар даргатай ИТХурал    /23 оноо/

тус тус  шалгарч алт, мөнгө, хүрэл медаль Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Нийслэлийн цасны баярын арга хэмжээнд нийт 70 гаруй  байгууллага оролцсоноос  нэгдсэн дүнгээр Сонгинохайрхан дүүрэг 4-р  байрт орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм.

Мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай.

 

Ирэх Бямба гарагт буюу 2 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн уламжлалт цасны баяр Хандгайтын амны “Янзага” зусланд болно. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцох энэхүү өдөрлөг “Өвлийн олимп-2014”  нэрийн дор явагдаж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр оролцогчид буюу НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид спортын уралдаан тэмцээнүүд, цасны бүжгээр өрсөлдөхөөс гадна “Сочи – 2014 – Өвлийн олимп”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулан уралдах юм.

 

Сонгинохайрхан дүүргийн хувьд энэхүү өдөрлөгт өндөр ач холбогдол өгөн бэлтгэж байна. Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс дээрх сэдэв бүхий Цасан хотхоныг барьж байгаа юм. Мөн тус өдөрлөгийн үеэр дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд олс таталт, дартс, цасны сумо зэрэг тэмцээн уралдаан болно.

Нийтийн тээврийн хувьд Бямба гарагийн өглөөний 8:30 цагаас дүүргийн ЗДТГ-ын байрны урдаас том оврын автобус хөдөлнө. Замдаа 5 шарын МТ-ийн колонк /08:45/, 3,4 дүгээр хорооллын “Дүүхээ” худалдааны төвийн урд /09:00/, 7 буудал /09:20/ зэрэг газруудаар зогсон Хандгайтын ам орно.

Мөн том оврын автобус   08:00 – 17:00 цагийн хооронд  Бөмбөгөр – Гэсэрийн уулзвар – Баянбүрдийн тойрог – 7 буудал – Салхит – Ар согоот – Зунжин – Шадивлан – Яргайт – Яргайтын богино – Жигжид – Шаргаморьт – Хуурай мухар – Баян булаг – Хандгайт – Санзай - Бага Баян амралт гэсэн чиглэлээр нэг цагийн зайтайгаар иргэд, олон нийтэд үйлчилнэ.

Эрүүл биед саруул ухаан оршдог. Иргэд, байгууллага, хамт олон та бүхнийг нийслэлийнхээ цасны баярт идэвхитэй оролцохыг уриалья. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА