Ой, хээрийн гал түймрээс урьдчилан

сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2021 оны 03 сарын 22-ны өдөр                   Дугаар А/205                  Улаанбаатар хот  

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, 39.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоол, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2021 оны 02, Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны 02, нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар албан даалгавар, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Дүүргийн хэмжээнд Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай. 

2.Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн ногоон бүсэд эргүүл, шалгалт хийх хуваарийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар, ой хээрийн түймэр гарсан үед томилон ажиллуулах аж ахуйн нэгж, байгууллагын хуваарийг 3 дугаар хавсралтаар баталсугай. 

3.Урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах 19,165,000 /Арван есөн сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Д.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй. 

4.Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэн бүрд галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар, холбогдох хуулийг танилцуулах зорилгоор сэрэмжлүүлэг материалыг тараах, түймэр гарсан үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийг тодотгон, шаардагдах хоол хүнс, шатахуунаар хангах нөөцийг бүрдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэхийг Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дарга /захирал/ нарт үүрэг болгосугай.

5.Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлын мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв /Б.Оюунгэрэл/-д даалгасугай. 

6.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож, ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Э.Ууганцэцэг/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                  Н.АЛТАНШАГАЙ

 

ЭНДЭЭС ХАВСРАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ.

Захирамж

 

<< < 1 > >>