Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 280 гаруй иргэн хувь хүний хөгжил, манлайлал, гар урлалын сургалтад хамрагдлаа. Тус сургалтыг СХД-ийн ЗДТГ, Залуучуудын хөгжлийн зөвлөл, Гүүд неборс Монгол, Тунамал бэхи хоршоо хамтран зохион байгуулав.
Амьдрах ухааны сургалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар оролцож үг хэлэхдээ, СХД бол маш олон хүн амтай. Тэр хэрээрээ хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүс олон бий. СХД–ийн ЗДТГ иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийн манлайллыг дэмжин ажиллаж байгаа. Хүний сурсан зүйлийг хэн ч авч чадахгүй. 280 иргэнийг хамруулж, хувь хүний хөгжлийг дэмжиж буй нь талархууштай хэмээн онцлов.
Ийнхүү гар урлал, эсгий урлал, керамик урлалын сургалтад хамрагдсан иргэдийн бүтээл, сургалтын явцтай танилцаж амжилт хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээх арга хэмжээнд оролцлоо. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой уг төсөл нь БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна. Нээлтийн арга хэмжээний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Яг энэ гарам дээр хоногт дунджаар гурван цаг галт тэрэг үлдсэн 21 цагт нь 27,000 орчим тээврийн хэрэгсэл явдаг. Төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болсноор 30,000 тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих нөхцөл бүрдэх юм" гэлээ.
160 метр урт, таван метр өндөртэй уг нүхэн гарцаар хоногт 32,500 автомашин зорчиж, авто замын нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэх бөгөөд өмнө нь энэ гармаар нэг автомашин нэвтрэхэд хоёр орчим минут болдог байсан бол одоо 30 секунд болж байна гэдгийг холбогдох албаныхан онцлов.
Сонгинохайрхан дүүргийн “Ахмадын урлаг, спортын VI наадам”-ыг Биеийн тамир, спортын хороо, Ахмадын хороо хамтран спортын таван төрлөөр зохион байгуулж байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Биеийн тамир, сдортын хорооны дарга Ц.Сосорбарам, Ахмадын хорооны дарга П.Самдан нар оролцлоо.
Ахмадын спорт, урлагын наадамд СХД-ийн 43 хорооны 1200 гаруй ахмад настан софт волейбол, ширээний теннис, шатар, гранд гольф, хийн дасгалын төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.
Нээлтийн үеэр СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар “ Энэхүү спортын наадмын гол зорилго нь биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуу хойч үедээ ахмад тамирчдын ур чадвар, туршлагыг сурталчлан таниулах явдал юм” хэмээн онцлов. 
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас дэргэдэх хэлтэс, албадтай хамтран олон улсын ахмадын өдрийг угтан сарын аян зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд ахмад настнуудын хөгжлийг дэмжих нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Хурлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Б.Баттулга удирдан явуулж хамтран зохион байгуулагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Цагдаагийн газар, СХД-ийн эрүүл мэндийн төв, Жаргалант тосгоны соёлын ордон, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн удирдлага, төлөөллүүдэд зохион байгуулалттай холбоотой чиглэл өгөв.
Тус нээлттэй өдөрлөгийг зохион байгуулснаар ахмад настанд төрийн үйлчилгээг ойртуулах, эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулан соёлын боловсролыг дээшлүүлэх, дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмад настан, хүнсний ногоо тариалагчдын борлуулалтыг дэмжин өрхийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар болон ЗДТГ-ын холбогдох удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэгч компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.Уулзалтад ирсэн компанийн төлөөллүүд бүтээн байгуулалтын явц зогсож удааширсан шалтгааныг газар чөлөөлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн үнийн өсөлтийн зөрүү, магадлал хийлгэх шаардлагатай байгаатай холбоотой гэж тайлбарлав. Тухайлбал, уулзалтад ирсэн 20 гаруй компани СХД-т Авто зам, Гүүр, Сургууль, Цэцэрлэг, Өвлийн спортын ордон, Баянхошуу дэд төвийн цэцэрлэг, Олон нийтийн хөгжлийн төв, Хөлбөмбөгийн талбай, Гэрэлтүүлэг, Камержуулалт, Хорооны цогцолбор барилга зэргийг гүйцэтгэж байна.
Энэ үеэр СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар “Шалтгаан нөхцөлд үндэслэн холбогдох яам, газарт зохих шаардлагыг хүргүүлнэ. Мөн гүйцэтгэгчид өөрийн зүгээс хурдан шуурхай гүйцэтгэх шаардлагатай ажлуудаа эрчимжүүлж, хариуцлагатай хандах хэрэгтэй” гэж хэллээ.
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар хурлын үеэр нэг хүний биш, нийтийн эрх ашиг чухал гэдгийг онцлон Өвөлжилт, хот нийтийн аж ахуйтай холбоотой техник хэрэгслийн судалгааг гаргах, Явган хүний зам хааж тавьсан тээврийн хэрэгслүүдийг чөлөөлөх, Хог тээвэрлэлтийг сайжруулах богино хугацааны менежмент боловсруулж үр дүнг нь үзэх шаардлагатайг онцлов.
Мөн нийт удирдлагуудад дараах чиглэлийг өгөв.
-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламж, гүүрэн байгууламжийн арчлалт, хамгаалалтын зардлыг төсөвт тусгаж байх зохицуулалтыг хийж ажиллах
-Нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд гадна орчны тохижилтыг хийх, Захирагчийн ажлын алба, дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, орчны тохижилтыг хийлгүүлэх ажлыг зохион байгуулах
- Дүүргийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах
- Давс, бодис нөөцлөх ажлаа эрчимжүүлэх
- Нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтыг хийж, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн хүчин чадалтай 84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөсөн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар оролцож сурган хүмүүжүүлэгч багш нар болон эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.
Тус цэцэрлэг нь 1980 онд 5 бүлэг, 125 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 240 хүүхдийн ортой нийт 2552 м.кв талбайтай хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө зэрэг тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус цэцэрлэгийн 10 бүлэгт өнөөдрийн байдлаар хамран суралцах тойргийн 5,6 дугаар хорооны 2-5 насны 224 хүүхэд хүлээн авч, сургуулийн өмнөх боловсролыг олгох юм байна.
Өчигдөр шөнө 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 34-ийн гүүрний уулзвараас Содон хорооллын арын зам хүртэлх төв замын засварын ажлыг гүйцэтгэлээ. СХД-ийн хэмжээнд 14 байршилд зам засварын ажлыг гүйцэтгэж байна.
 
 Нийтийн эзэмшлийн камер засварын ажилтай танилцаж, нийт 43 хорооны 382 камер ажиллагаагүй байсныг холбогдох албаныханд чиглэл өгсөн билээ. Өнөөдрийн байдлаар 220 камерийг асааж хэвийн ажиллагаанд шилжүүлсэн байна.
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Дүүргийн ГХУСАЗСЗ, СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс хамтран "Хүүхэд-Хөдөлгөөний аюулгүй байдал" нөлөөллийн арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш, сурагчдад “Замын хөдөлгөөний дүрэм”, “Замын хөдөлгөөнд оролцоход анхаарах асуудал” сэдэвт сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Сургалтад нийт 450 сурагч, 40 багш хамрагдаад байна.