Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилга ашиглалтад орж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.04.23/ боллоо. Тус сургуулийн барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байсан.
 
Тус сургууль ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл ийнхүү бүрдээд байна. 12 дугаар сургууль 81 бүлэг 3300 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургууль нь А,Б,В блок бүхий 3-4 давхар барилга бөгөөд бага, ахлах хоёр спорт заал, урлаг заал, хувцас солих өрөө, гал тогоо, хоолны заал, ариун цэврийн өрөө, агуулах, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар ашиглалтад орлоо. Шинэ сургууль ашиглалтад орсноор 3300 орчим суралцагчид 170 гаруй багш, ажилтнууд эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, сурч хөгжих боломжтой болж байгаад баяртай байна. Мөн нээлтийн үеэр Хотын дарга Х.Нямбаатар тус сургуулийн баруун урд хэсэгт байх ашиглагддаггүй хуучны нэг давхар объектыг чөлөөлж, тус талбайг хүүхэд, багачуудад ээлтэй ногоон байгууламж, авто болон явган зам бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг гаргасан юм.