Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд газар чөлөөлж, явган хүний зам тавихаар боллоо.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршил дахь “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд талбай чөлөөлүүлж, Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавих юм.
Дээрх аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газрын эргэлтийн цэгийн хамгийн захын хэсгээс дөрвөн метр хүртэлх талбайг чөлөөлөх ба газар чөлөөлөлтийг хийсний дараа тухайн байршилд стандартад нийцсэн 1.5 метр өргөн явган хүний замын ажлыг эхэлнэ. Тус хорооны иргэдийн хүүхдүүд ихэвчлэн 153-р сургуульд суралцдаг бөгөөд өмнө нь сургууль, цэцэрлэгтээ явахдаа 1.2 км замыг туулдаг байсан бол шинэ явган зам тавьсны дараа 400 метр замыг аюулгүй туулж, зорьсон газартаа хүрэх боломжтой болно.
Тус ажлын гүйцэтгэлийг шуурхай эхлүүлж ажил хэрэг болгох хүрээнд чөлөөлөлт хийх талбай дээр НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, СХД-ийн ИТХ-ын дарга Д.Ундармаа, СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар, 29-р хорооны Засаг дарга Ш.Энхболд болон холбогдох албаныхан ажиллав.