Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн албан хаагчдыг оролцуулсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах уулзалт өнөөдөр боллоо.
Өнөөдрийн уулзалт нь эрүүл ирээдүй буюу хүүхэд залуучууд руу чиглэсэн бодлогын хэрэгжилтийг боловсрол, эрүүл мэндийн салбарынханд таниулж буй ач холбогдолтой арга хэмжээ болохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар онцлов.
СХД-ийн ЗДТГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад боловсролын салбарынхан болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан ажлын алба, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, СХД-ийн холбогдох газар, хэлтсийн албан хаагчдын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжүүлж буй тус хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ юм.