- Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Дүүргийн Засаг дарга бүс, хороодын газар нутгийн онцлогт тохирсон хог тээврийн менежментийг сайжруулах, хашаандаа худаг ухсанаас болж халиа дошин үүсэж буй байршлуудыг тогтоох, сургууль, цэцэрлэгт авто зогсоол байгуулах зураг, төсвийг судалж боловсруулах үүрэг даалгаврыг холбогдох газар хэлтэст өглөө.
- Энэ үеэр Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр: "Өнгөрсөн хугацаанд холбогдох газар, хэлтсийн дарга нарын хамтаар хэд хэдэн хороодод ажилласан. Энэ үед авто замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй компаниуд гэрэлтүүлэг, явган хүний замаа хийлгүй дутуу орхиж, түүнээс нь болж цэвэрлэгээ хийгддэггүй, замын зорчих хөдөлгөөнд саад учирч буй явдлууд байсан. Тиймээс дүүргийн хэмжээнд хэчнээн хороодод дутуу орхисон зам засварын ажил байгааг тоон судалгааг гаргаж гүйцэтгэгч компаниудад шаардах хуудас хүргүүлж засварын ажлыг дуусгана. Хариуцлагагүй хандаж байгаа байгууллагуудад хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч шийдүүлнэ” гэв.
- Мөн хуралдааны үеэр хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Туулмаа хороодын засаг дарга нарын ирүүлсэн саналын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Хуралдаанд оролцож буй хороон засаг дарга нар улсын комисс хүлээж авсан цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх, хүүхдийн тоглоомын талбайн хуучин тоглоомыг актлах, гүүр, гүүрэн байгууламж хийж буй авто замд тэмдэг тэмдэглэгээ байршуулах, цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр санал дэвшүүлэв.