Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэж айлуудын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай мөстөж, усанд автасан асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2024.01.05/ хуралдлаа.
Одоогийн байдлаар дүүргийн 7, 9, 35, 42 дугаар хороодод үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Онцгой байдлын хэлтэс хамтран сувагчлал татах, шороон далан босгох, хайрга дайрга нөөцлах арга хэмжээг авч ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдрийн хуралдаанаар дээрх хороодод тулгамдаж буй нийтлэг асуудлыг хэлэлцэж мэргэжлийн байгууллагууд цаг үеийн дуудлагад яаралтай очиж дүгнэлт гарган чиг үүргээр хангах, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх тул хүнд машин механизмын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага, иргэнтэй гэрээ байгуулах, Хориглосон бүсэд буусан айл өрх иргэдэд албан шаардлага болон мэдэгдэл хүргүүлэн нүүлгэх арга хэмжээ авах, Геодизи усны барилга байгууламжийн хариуцсан далан суваг, шуудууны гүүрэн байгууламжуудыг чөлөөлж сувагчлал татан гаргуулах, Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж далан сувагчлал татах, шороо хайрга дайрга нөөцлөх ажлыг зохион байгуулахаар боллоо.
 
Өнгөрсөн шөнө /2024.01.03/ орсон цаснаар авто замуудад халтиргаа гулгаа үүссэн. Тус ажлын хүрээнд Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран цасны Ерөнхий жижүүрүүдийг томилон ажиллуулж, нийтийн эзэмшлийн Зам цэвэрлэгээний 6 байгууллагын 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусгай зориулалтын цас хусагч төхөөрөмжтэй 2 автомашин, автогрейдер, ковш трактор, давс бодис цацагч тусгай төхөөрөмжийн 7 автомашинаар 21 тн давс, 20 тн бодис, 10 м.куб дайрга цацаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг чөлөөлж, хэвийн болгон шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 325 тн давс, 155 тн бодис, 121 м.куб хайрга дайрганы нөөцтэй байна.
 
Шинэ жилийн баярыг угтан Саппорогийн өмнөх талбайд өнөөдөр “Мөнгөн шинэ жил”-ийн хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээг 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 11 хоног урлаг, соёлын арга хэмжээ, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, арга хэмжээ, хүүхдүүдийн дунд спорт тэмцээн, ивээн тэтгэгч байгууллагууд болон төрийн байгууллагуудын бэлгийг өвлийн өвгөн гардуулан өгсөн юм.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр иргэдийн дунд азын сугалаа явуулж бяцхан бэлэг барилаа. Мөн хүүхэд багачууд маань өвлийн өвөөгөөс бэлгээ гардан авсан юм. Мөн хүрэлцэн ирсэн иргэд маань сүлд модныхоо өмнө гэр бүл, найз нөхдийн хамт дурсгалт зургаа татуулсан юм.
Ийнхүү 2023 оны сүүлчийн өдрийн "Мөнгөн шинэ жил" арга хэмжээ өндөрлөлөө. Хэдхэн цагийн дараа бид хуучин оноо үдэж шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ он танд аз жаргал, ололт амжилтаар дүүрэн сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна.
 
Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд сурагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүнтэйгээ 2 минут үнэгүй ярих боломжийг олгох зорилгоор “ИТГЭЛТЭЙ УТАС”-ыг дүүргийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 31 байр, 2 дотуур байранд суурилуулахаар төлөвлөөд байна.
Өнөөдөр баянхошуу бүсийн 8 сургууль, жаргалант тосгоны 74, 121 дүгээр сургуулиуд, 2 дотуур байранд суурилууллаа. Итгэлтэй утсыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын цахилгаан холбоо хамтран суурилуулж байгаа юм.
Итгэлтэй утсаар сурагчид бүх сүлжээний дугаар руу гэр бүлийнхэн, эцэг эхтэйгээ 2 минут үнэгүй ярихаас гадна яаралтай тусламжийн 101, 102, 103, 105, 107, 108, 119 дугаарууд руу дуудлага хийх юм.
Итгэлтэй утас нь сард 2500 минутын ярианы эрхтэй бөгөөд 1250 хүүхэд дуудлага хийх боломжтой.
 
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Тиймээс шинээр мэс заслын тусламж үйлчилгээг өнөөдрөөс явуулж эхлээд байна. Ингэснээр дүүргийн иргэд лавлагаа шатлалын үйлчилгээг харьяа эмнэлгээсээ авах нөхцөл бүрдэж байна.
Мэс засал, гэмтлийн тасагт дараах төрлүүдээр мэс засал хийгдэнэ.
• Ерөнхий мэс засал
• Хэвлийн дурангийн мэс засал
• Бөөр шээсний замын нээлттэй мэс засал
• Бөөр шээсний замын хавдрын мэс засал
• Зүрх судасны мэс засал
• Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
• Бүдүүн шулуун гэдэсний хавдрын мэс засал
• Гэмтлийн зарим нэр төрлийн мэс засал
• Хэвлийн хөндийн яаралтай мэс засал