Сонгинохайрхан дүүргийн хувьд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орчны бохирдлыг бууруулах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг багасгах зорилгоор Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Дүүргийн 2, 3 дугаар хороонд 2021 оноос эхлэн 500 айлын хогийг ангилан ялган авах зориулалтын савыг байршуулан хуваарийн дагуу тээвэрлэн авч байгаа. Үүний үргэлжлэл болох дүүргийн 4 бүсэд дахивар авах цэгийг байгуулж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн ангилсан дахивар нөөцийг дахин ашиглах, дахин боловсруулах боломж нөхцөлийг бүрдүүлж байна.
Өнөөдрийн хувьд дүүргийн төсвийн санхүүжилтээр Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах стандартын жишиг хогийн савыг 43 хороо тус бүрт нийт 129 ширхэгийг гардуулж өглөө.
Ингэснээр иргэд хогоо ангилан ялгах дадал хэвшилд суралцах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна.
Тус цэгүүд дээр цугларсан ангилан ялгасан хоёрдогч түүхий эдийг “Түвшин Сайхан мөнх” НҮТББ-тай хамтран авахаар ажиллаж байна. Энэ байгууллага нь хоёрдогч түүхий эд худалдан аваад 14 жил болсон туршлагатай.
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын ШУА-н Газарзүй, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр /2023.09.26/ халиа, тошин, шар усны үер, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөний гол зорилго үерийн нарийвчилсан үнэлээг гаргах, дүүргийн ундны усны чанар, найрлага, гадаргын усны бохирдол, усны нөөц, үерийн ус, хөв, цөөрөм байгуулах асуудал, хөрсний бохирдлыг бууруулах арга зам түүн дээр суурилан авч хэрэгжүүлэх менежментийн ажлуудыг нэг бүрчлэн богино, дунд, урт хугацаандаа төлөвлөхөд оршиж байна.
Монгол Улсын Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгээс Сонгинохайрхан дүүргийн ундны усны чанарын судалгааг 43 хорооны ус хангамжийн эх үүсвэрийн 478 уст цэгээс усны сорьц авч, өнөөдөр судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Мөн үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд гол усны ай сав дээр усны нөөц, үерийн ус, хөв, цөөрөм байгуулах, үерийн далан суваг хийх судалгааг гаргах, үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэх, хөрсний бохирдолыг хэрхэн шийдвэрлэх зэрэг эрдэм шинжилгээний судалгаан дээр суурилсан мэдээ, мэдээллийг авсан зөвлөгөөн боллоо.
Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 19,6 км үерийн далан байгаа бол цаашид 44 км хийх нэн шаардлагатай гэдэг судалгаа бий. Мөн дүүргийн хэмжээнд 56 мянган нүхэн жорлон байдаг бөгөөд “Хөрсний бохирдолгүй дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 2021- 2024 онд 10 мянган нүхэн нойлыг эко болгох зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 6700 айлын нойлыг эко болгосон бөгөөд ирэх онд үлдсэн 3300 айлын нойлыг сольж дуусах юм. Эдгээр өрх бүр хашаандаа 10 мод тарьж байгаа бөгөөд нийт 60 мянга гаруй мод гэр хороолол дунд таригдсан байх юм. Энэ манай дүүргийн хувьд урт хугацааны бодлого болон хэрэгжиж байна.
Аливаа зүйл шинжлэх ухаан дээр суурилан хөгжих нь илүү үр дүнтэй. Тиймээс Сонгинохайрхан дүүрэг цаашид Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн газартай хамтран судалгаа шинжилгээ хийж, үерийн эрсдэлтэй бүсийг тодорхойлох, үерийн далан, усны сав, хөв, цөөрөм, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын судлагааг хамтарч гарган, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар боллоо.
 
Хүүхэд багачуудыг мэдлэг, боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ой, дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын өдрийг тохиолдуулан “ЧАДВАРЛАГ БАГШ - 2023” бага хурлыг зохион байгууллаа.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2020 онд 57 цэцэрлэгтэй байсан бол өнөөдөр 67 цэцэрлэгтэй болж 10 цэцэрлэгээр нэмэгдсэн.
Мөн 2020 онд 24 сургуультай байсан бол 2024 онд 27 сургуультай болж 3 сургуулиар нэмэгдсэн байна. Цаашид 14 цэцэрлэг, 7 сургуулийг шинээр барьж, 2 цэцэрлэг, 2 сургуулийн барилгын өргөтгөл хийгдэж, 1 сургууль, 1 цэцэрлэгийг буулгаж шинээр барьж байна. Энэ нь Сонгинохайрхан дүүрэг нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн байдлаараа 21 аймаг, 9 дүүрэгтээ тэргүүлж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
162 дугаар сургууль нь Монгол-Оросын хамтарсан сургалтын хөтөлбөртэй сургуультай болсон. Мөн Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг 151 дүгээр сургуульд хэрэгжүүлээд байна.
Үйл ажиллагааны үеэр 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон багш, Ерөнхий боловсролын сургуулиудыг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Боловсролын тэргүүний ажилтан, БШУЯ-ны жуух бичиг, НИТХ-ын хүндэт тэмдэг, Нийслэлийн боловсролын газрын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэг, Биеийн тамир спорт хорооны жуух бичиг, Биеийн тамирын тэргүүний ажилтан, СӨБ-ын байгууллагын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнал зэргээр тус, тус шалгаруулж урамшууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 36-р хороонд баригдсан 330 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.10.05/ боллоо. Тус цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, өнөөдөр ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 68 дахь цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Сонгинохайрхан дүүрэгт 2023 онд найман цэцэрлэг шинээр ашиглалтад орж, бяцхан сурагчдаа хүлээж аваад байна. Тэдгээрийн нэг нь 330-р цэцэрлэг юм. Тус цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ба өнөөдрийн байдлаар 236 хүүхэд хамрагдаж, 38 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн тус цэцэрлэгт 36-р хорооны 20 иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдэж, хүртээмж 90 гаруй хувьд хүрлээ.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 цэцэрлэг шинээр баригдаж, 2 цэцэрлэгт өргөтгөл хийгдэн, 1 цэцэрлэгийг буулгаж барьж байна. Эдгээр цэцэрлэгүүд ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 100 хувьд хүрэх боломж бүрдэнэ.
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр /2023.10.04/ боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, хашаа хайс, самбар чөлөөлөх, нэгдүгээр хорооллын төв зам дагуух бүтээн байгуулалтад хяналт тавих, ажлыг эрчимжүүлэх, томуу, томуут төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцэв.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Баруун түгээх төв”-ийн 2023 оны их урсгал засварын ажил 93 хувьтай явж байна. Урсгал засварт дулааны шугам, худгийн шинэчлэл, дулааны ерөнхий тоолууруудыг баталгаажуулах, халуун усны насос шинэчлэн сольж хүчдэл томруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.