Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2024 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлыг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч бөгөөд хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга Д.Ундармаа удирдан явуулав.
Тус хурлаар 2024 оны хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэж мөн гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч болсон шийдвэрлэхэд хүндрэлтэй 11 хүүхдийн асуудлыг хэлэлцэж хэргийн тохиолдол тус бүрээр холбогдох хууль зүйн хорооны гишүүдэд үүрэг чиглэл өгч ажиллалаа.
 
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт сар шинийн баярт зориулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.01.12/ хуралдлаа.
Тодруулбал, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, ULAANBAATAR EXPO CENTER, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Тус үзэсгэлэн “Улаанбаатар экспо” центр дээр 2024.01.20-02.09-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Иймд ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар ЗДТГ-ын зүгээс хэрэгжүүлэх зохион байгуулалтын талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Тус ажлын хэсэгт ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэр эрхлэгчдийн холбоо зэрэг багтан зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.
 
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шарын автобусны зогсоол дээр тохилог, дулаан автобусны буудал шинээр байршууллаа. Энэхүү жишиг автобусны буудлыг дүүргийн 10 байршилд байршуулах бөгөөд хамгийн анхны буудлыг гүйцэтгэгчээс ийнхүү хүлээн авлаа.
Жишиг автобусны буудал нь дулаан өрөө, саравч болон зам талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсгүүдтэй. Мөн гадаа талбай, дотор орчинг хамгийн сүүлийн үеийн камераар хянах боломжтой бөгөөд тус хорооны Засаг дарга, хорооны цагдаагийн албан хаагчид хариуцсан ажиллана.
Жишиг автобусны буудлыг 22 ширхэг түргэн үйлчилгээний цэг чөлөөлсөн талбайд байршуулсан бөгөөд таван шарын автобусны энэхүү буудал нь замын хөдөлгөөний оргил ачааллын үед хамгийн олон хүн дамжин өнгөрдөг, олон чиглэлт уулзваруудын нэг юм.
Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй жишиг автобусны буудлуудын байршлыг сонгохдоо зорчигчид ихээр төвлөрдөг, сургууль, цэцэрлэгтэй ойр хэсгүүд болон алслагдсан хороодын нутаг дэвсгэрийг харгалзан баталсан. Дараагийн жишиг есөн автобусны буудлыг гүйцэтгэгч компаниас энэ оны дөрөвдүгээр сарын 01-нд хүлээн авч ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
 
Нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 8,31,39,24,40, хороодын нутаг дэвсгэрт орж ирсэн 185 тооны адууг гаргаж, 112 тооны адууг хашиж эзэн холбогдогчийг тогтоон хүлээлгэн өглөө.
Тус ажлын хэсэгт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хөдөө, аж ахуйн тасаг, Нийслэлийн мал эмнэлэгийн газар, Мал эмнэлэгийн тасаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2,3 дугаар хэлтэс болон Байгаль хамгаалагчид, 39, 31, 24, 40, 42 дугаар хороодын албан хаагчид багтан, хамтран ажиллалаа.
 
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын 2024 оны эхний шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.01.08/ боллоо. Хурлын эхэнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэсийн удирдлагууд цаг үеийн холбогдолтой мэдээллийг танилцуулав.
Мөн хурлаар УБЗАА-наас хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэх болсонтой холбоотойгоор шилжин ирсэн дараах 7 чиг үүргийн ажлын талаар нийт удирдлагуудад нэгдсэн мэдээлэл өглөө.
1.Ногоон байгууламжийн арчилгаа
2.Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
3.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
4.Гадна зар сурталчилгаа
5.Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
6.Нохой муур устгалын үйл ажиллагаа
7.Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
Түүнчлэн хурлын төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нийт байгууллагуудад удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавруудыг хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах, Хотын нийтийн аж ахуйн чиг үүрэг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалтыг бүрэн хариуцаж ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах, Дүүргийн нутаг дэвсгэрээс мал, нохой, муур гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50м хүртлэх явган зам талбайн цас, мөсийг бүрэн цэвэрлүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах гэх зэрэг хэд, хэдэн ажлыг үүрэг болголоо.