Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэж айлуудын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай мөстөж, усанд автасан асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2024.01.05/ хуралдлаа.
Одоогийн байдлаар дүүргийн 7, 9, 35, 42 дугаар хороодод үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Онцгой байдлын хэлтэс хамтран сувагчлал татах, шороон далан босгох, хайрга дайрга нөөцлах арга хэмжээг авч ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдрийн хуралдаанаар дээрх хороодод тулгамдаж буй нийтлэг асуудлыг хэлэлцэж мэргэжлийн байгууллагууд цаг үеийн дуудлагад яаралтай очиж дүгнэлт гарган чиг үүргээр хангах, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх тул хүнд машин механизмын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага, иргэнтэй гэрээ байгуулах, Хориглосон бүсэд буусан айл өрх иргэдэд албан шаардлага болон мэдэгдэл хүргүүлэн нүүлгэх арга хэмжээ авах, Геодизи усны барилга байгууламжийн хариуцсан далан суваг, шуудууны гүүрэн байгууламжуудыг чөлөөлж сувагчлал татан гаргуулах, Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж далан сувагчлал татах, шороо хайрга дайрга нөөцлөх ажлыг зохион байгуулахаар боллоо.
 
Өнгөрсөн шөнө /2024.01.03/ орсон цаснаар авто замуудад халтиргаа гулгаа үүссэн. Тус ажлын хүрээнд Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран цасны Ерөнхий жижүүрүүдийг томилон ажиллуулж, нийтийн эзэмшлийн Зам цэвэрлэгээний 6 байгууллагын 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусгай зориулалтын цас хусагч төхөөрөмжтэй 2 автомашин, автогрейдер, ковш трактор, давс бодис цацагч тусгай төхөөрөмжийн 7 автомашинаар 21 тн давс, 20 тн бодис, 10 м.куб дайрга цацаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг чөлөөлж, хэвийн болгон шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 325 тн давс, 155 тн бодис, 121 м.куб хайрга дайрганы нөөцтэй байна.
 
Шинэ жилийн баярыг угтан Саппорогийн өмнөх талбайд өнөөдөр “Мөнгөн шинэ жил”-ийн хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээг 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 11 хоног урлаг, соёлын арга хэмжээ, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, арга хэмжээ, хүүхдүүдийн дунд спорт тэмцээн, ивээн тэтгэгч байгууллагууд болон төрийн байгууллагуудын бэлгийг өвлийн өвгөн гардуулан өгсөн юм.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр иргэдийн дунд азын сугалаа явуулж бяцхан бэлэг барилаа. Мөн хүүхэд багачууд маань өвлийн өвөөгөөс бэлгээ гардан авсан юм. Мөн хүрэлцэн ирсэн иргэд маань сүлд модныхоо өмнө гэр бүл, найз нөхдийн хамт дурсгалт зургаа татуулсан юм.
Ийнхүү 2023 оны сүүлчийн өдрийн "Мөнгөн шинэ жил" арга хэмжээ өндөрлөлөө. Хэдхэн цагийн дараа бид хуучин оноо үдэж шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ он танд аз жаргал, ололт амжилтаар дүүрэн сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна.
 
Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд сурагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүнтэйгээ 2 минут үнэгүй ярих боломжийг олгох зорилгоор “ИТГЭЛТЭЙ УТАС”-ыг дүүргийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 31 байр, 2 дотуур байранд суурилуулахаар төлөвлөөд байна.
Өнөөдөр баянхошуу бүсийн 8 сургууль, жаргалант тосгоны 74, 121 дүгээр сургуулиуд, 2 дотуур байранд суурилууллаа. Итгэлтэй утсыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын цахилгаан холбоо хамтран суурилуулж байгаа юм.
Итгэлтэй утсаар сурагчид бүх сүлжээний дугаар руу гэр бүлийнхэн, эцэг эхтэйгээ 2 минут үнэгүй ярихаас гадна яаралтай тусламжийн 101, 102, 103, 105, 107, 108, 119 дугаарууд руу дуудлага хийх юм.
Итгэлтэй утас нь сард 2500 минутын ярианы эрхтэй бөгөөд 1250 хүүхэд дуудлага хийх боломжтой.
 
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Тиймээс шинээр мэс заслын тусламж үйлчилгээг өнөөдрөөс явуулж эхлээд байна. Ингэснээр дүүргийн иргэд лавлагаа шатлалын үйлчилгээг харьяа эмнэлгээсээ авах нөхцөл бүрдэж байна.
Мэс засал, гэмтлийн тасагт дараах төрлүүдээр мэс засал хийгдэнэ.
• Ерөнхий мэс засал
• Хэвлийн дурангийн мэс засал
• Бөөр шээсний замын нээлттэй мэс засал
• Бөөр шээсний замын хавдрын мэс засал
• Зүрх судасны мэс засал
• Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
• Бүдүүн шулуун гэдэсний хавдрын мэс засал
• Гэмтлийн зарим нэр төрлийн мэс засал
• Хэвлийн хөндийн яаралтай мэс засал
 
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ахмадын хөгжлийн төв”-ийг ашиглалтад оруулсан.
Тус төвд 4-5 ахмад түрээсийн төлбөр төлөхгүй гар урлал, эсгий, оёдлын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр ахмадууд компани, болон иргэдээс захиалга авч өрхийн орлогоо нэмэгдүүлдэг юм. Оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг ахмадууд 2023 онд нийт 20 гаруй иргэнд үнэ төлбөргүй гар урлалын чиглэлээр сургалт явуулсан байна.
Ахмадын хөгжлийн төвд чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, уламжлалт бариа заслын эмчилгээ хийлгэх боломжтой өрөөнүүдтэй. Тодруулбал, дүүргийн дөрвөн бүсийн ахмадуудын биеийн тамир чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн, шатар даам, шагай харваа, дартсын сургалт, нийтийн цэнгээнт бүжиг хуваарийн дагуу явагддаг байна. 2023 онд ахмадын хөгжлийн төвөөр давхардсан тоогоор нийт 5500 гаруй ахмадууд үйлчлүүлж, чөлөөлт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн байна.
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүнд машин механизмын операторчин мэргэжлээр сургаж, ажлын байраар хангах “МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ ЗАЛУУС” төслийг Сонгинохайрхан дүүрэг хэрэгжүүлж эхэллээ.
Уг төслийн зорилго нь Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны ажил, мэргэжилгүй залуусыг мэргэжлийн сургалтад хамруулж үнэмлэхтэй болгох цаашлаад ажлын байраар бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Өнөөдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа Техник технологийн политехник коллеж дээр болж, Техник технологийн политехник коллежийн захирал Ц.Баярмаа, дүүргийн бусад холбогдох удирдлагууд, ажлын байраар хангах “KH” майнинг компани, “Эм Жи Эл Акуа” ХХК-ын менежерүүдийн хамт оролцсон.
 
Төсөлд хамрагдах залуусыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн ажил олгогч байгууллагуудын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, 80 хүнээс ярилцлага хийх замаар 43 суралцагчийг сонгон шалгаруулж авсан юм.
Эдгээр суралцагчид сургалтаа төгссөний дараа ажлын байранд шууд хамрагдах бөгөөд дүүрэгтэй “KА” майнинг, “Эм Жи Эл Акуа” ХХК-иуд хамтран ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэг 2022-2024 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл ирэх 2024 онд үргэлжлэх бөгөөд мөн адил 43 хороодоос иргэдийг сонгон шалгаруулж мэргэжлийн сургалтад хамруулна. Ирэх оны төсөлд эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
 
Дүүргийн ТЦҮ ОНӨААТГ-т хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр давс, бодис цацах олон үйлдэлт автомашиныг гардуулан өгөв.
Мөн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГазарт дүүргийн төсвийн хөрөнгөөр 2020 оноос өнөөдрийг хүртэл ОХУ-ын “Камаз” маркийн өөрөө буулгагчтай гэр хорооллын хог хаягдлыг ачих зориулалттай задгай тэвштэй таван автомашин, орон сууцны хог хаягдлыг ачих зориулалттай шахдаг төхөөрөмжтэй гурав нийт 9 автомашинаар парк шинэчлэлийг нэмэгдүүлээд байна.
Цаашид хог тээвэрлэлтийн байгууллагын парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын баталсан “Ёс зүйн зөрчилгүй хамт олон 2023 ” аяны удирдамжийн хүрээнд “Төрийн байгууллага, албан хаагчийг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа нийт 25 байгууллагын 2410 төрийн албан хаагчдыг төлөөлж 100 гаруй албан хаагч оролцож 2 чиглүүлэх илтгэл сонсож, асуулт хариулт, санал, зөвлөмж хэллээ.
Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнд хүрч ажиллахаар боллоо.
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж халтиргаа, гулгаа ихэссэнтэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд өглөө.
Мөн дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай, 744,5 тонн давс, 387,8 тонн бодис нөөцлөөд байгаа юм.
Түүнчлэн томуу, томуут бус өвчний улирал ирж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүд бэлэн байдлаа хангаж нэмж шинээр ор, хөнжил, гудас худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг даалгалаа.