Дүүргийн Удирдах ажилтнуудын гуравдугаар шуурхай хуралдаан өнөөдөр 14.00 цагт 77,2 хувийн ирцтэйгээр болсон. Энэ удаагийн шуурхай хуралдааны эхэнд өнгөрсөн 1-р сарын 29-ний өдрийн шуурхай хуралдаанд Нийслэл, дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийг хэрэгжилт, хийсэн ажлын талаарх мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун хийлээ.

 

Мөн Монголын багш нарын баярын 47 дэх өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн тухайгаа Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул танилцуулж, сар шинийн баяраар дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн талаарх мэдээллийг Ахмадын хорооны дарга Ш.Сандуйжав өгсөн. Дараа нь дүүргийн www.shd.mn сайт шинэчлэгдэн хийгдэж байгаатай холбогдуулан Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга У.Буянболор мэдээлэл хийв. Шуурхай хуралдааны төгсгөлд Засаг дарга М.Чинболд дүүргийн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өгсөн. Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөгө болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Архивын газраас зохион байгуулах албан хэрэг хөтлөлтийн стандартын сургалтад хамруулахыг үүрэг болгосон. Мөн дүүргийн гудамж, талбай, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, рекламыг монгол, кирилл бичгээр болгох ажлыг энэ оны 1 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхийг Дэд бүтэц тохижилтын хэлтэс хариуцуулав. Газар өмчлөхдөө эзэмших эрхийн гэрчилгээ авдаг илүү шат дамжлагыг арилгасаныг иргэддээ таниулах, газар хувьчлалын ажлыг эрчимжүүлэх, дүүргийн Засаг даргын тамгын газар, хэлтэс, албад , албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч ажиллахыг санууллаа. Мөн дүүргийн www.shd.mn сайт шинэчлэгдэж байгаа учраас дэргэдэх хэлтэс албад өөрсдийн танилцуулга, мэдээллийг Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанд ирүүлэхийг үүрэг болгов. 

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба