НЭГ. Барилга байгууламж, хайрга, дайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажил эхлэж байгаатай холбогдуулан Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар,  Өмчийн  харилцааны зэрэг газрууд авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулах.

 

ХОЁР. Энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх  сургууль,  цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг нийслэлийн  Өмчийн  харилцааны газар,  дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба  эрчимжүүлж  ажиллах.
ГУРАВ. Нийслэлийн  Засаг даргаас тухайн дүүргийн Засаг даргад эрх шилжүүлсэн,  дүүргийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний худалдан  авалтын  үйл ажиллагааг эрчимжүүлж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэх.
ДӨРӨВ. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн ЗДТГазрууд хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
ТАВ. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл, нийслэлийн Онцгой байдлын газар  шар усны аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийг  цэвэрлэх арга хэмжээг цаг алдалгүй авах.
ЗУРГАА. Нийслэлийн 375 жилийн  ойг  угтаж  нийслэлийн  нутгийн захиргааны нийт байгууллагууд төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах.
ДОЛОО. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд эрчимжүүлэх, Өргөдөл гомдлын нэгдсэн програмд бүртгээгүй өргөдлийг бүртгэх,  цахим хуудасныхаа мэдээ мэдээллийг тогтмол шинчлэх, иргэдэд нээлтэй ил тод хүргэх.
НАЙМ. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2013 оны  биелэлтийн  дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж  холбогдох шийдвэрүүд гаргасан НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн өмчийн харилцааны газрууд  нэгдсэн сургалт хийх, “Контракт”-ын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах.
ЕС. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлыг төлбөр хураалт, оношлогоо, үзлэгт нийслэлийн Нутгийн захиргааны нийт байгууллагууд  тээврийн  хэрэгслүүдээ  хамруулж  ажиллах.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС