Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас жил бүрийн сар шинийн үеэр салбарынхаа шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү шалгаруулалтад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг амжилттай оролцож улс, нийслэлийн тэргүүний тариаланч, фермерүүдийнхээ тоог нэмлээ.
Газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн “Хатан сүйх” ХХК-ны хамт олон “Ургацын далайн эзэн”-ээр, 21 дүгээр хороо Жаргалант тосгоны иргэн Д.Даваа “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарлаа.
Мөн мал аж ахуйн салбарт ажлын амжилт гарган, малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэн нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан 21 дүгээр хороо Жаргалант тосгоны “Сүүн далай” фермерийн захирал Д.Жингүү, “Түмэн үхэрт” хоршооны захирал Н.Түмэндэмбэрэл, Н.Батсайхан нар “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарч өргөмжлөл 2.000.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Нийслэлийн хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэг 56.000 тоо толгой малтай, 12.706 га-д төмс, хүнсний ногоо тариалдаг бөгөөд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө сүү, мах, махан бүтээгдэхүүнийг дүүргийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлон тухайн бүтээгдэхүүнээр нийслэлчүүдээ хангахаар зорилт тавин ажиллаж байгаа юм.
Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тэргүүний тариаланч, фермерүүддээ ирж буй морин жилдээ улам их амжилт гаргахыг ерөөе.