Сангийн сайд Ч.Улаан танилцуулгадаа, манай улсад 2012 оны байдлаар нийт хүн амын 1.3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөн байна. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа боловч гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол,

 

2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг”-т дурдсанаар Улаанбаатар хотын хүн ам ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь хотын төвд хэт нягтрал үүсгэх, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байдлаар явж ирсэн бөгөөд гэр хороололд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө орууүлалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм гэдгийг дурдав.
  Мөн хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгийн зорилтууд дээр үндэслэн боловсруулсан. Энэхүү хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөлтэй уялдуулан төлөвлөсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх 10 жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана гэдгийг тодотголоо.
 Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүд Сангийн сайд Ч.Улаан, Улаанбаатар хотын Захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нараас асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар саналаа хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжиж, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа
гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд