Сонгинохайрхан дүүргийн 32-р  хорооны нутаг дэвсгэрт  130 га газрыг хамарсан 14 мянган авто машины зогсоолтой авто худалдааны цогцолбор баригдахаар болсон билээ. Тус цогцолборын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын дарга Д.Байдрагийн ярилцлагыг танд хүргье.

 

-Нийслэлд томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг нь авто  худалдааны цогцолбор. Ялангуяа энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа зүйл бол энэхүү цогцолборын ажил ямар шатанд явж байгаа асуудал. Энэ талаар яриагаа эхэлье?
-Авто худалдааны огцолборыг байгуулах бэлтгэл ажил өнгөрсөн жилээс эхэлж чиглэл чиглэлээрээ ажлын хэсэг байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн XXXII  хороо буюу хуучин 22-ын товчооноос урагш 1,7 км-т барихаар болсон. Нийтдээ 130 га газрыг хамарсан 14 мянган авто машины зогсоолтой байхаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ цогцолборын хажууд 15 мянган айлын орон сууц мөн баригдана. Энэ хугацаанд зам талбайн зураг төслүүдийг зохион байгуулж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 14-нөөс эхлээд авто машин худалдаалах зогсоолын борлуулалтыг авч эхэлсэн. Эхний ээлжинд энэ сарыг дуустал авто машины бизнес эрхлэж  байгаа иргэдтэйгээ гэрээ хийж байна. Мөн энэ салбарт хөрөнгө оруулъя гэж байгаа бүх иргэн, хуулийн этгээдэд нээлттэйгээр борлуулалт хийгдэх юм. Борлуулалтын хувьд зогсоол  хоёр өөр хэмжээтэй байгаа. Үнийн хувьд 4-9 сая төгрөгийн хооронд  борлуулалт хийгдэнэ. Энэ цогцолборт маань нийт 17 барилга баригдахаар байгаа. 30 мянган м.кв таван давхар олон улсын экспо барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ энэ жилийн хувьд зөвхөн бэлтгэл ажлууд хийнэ. Түүнчлэн бид 14 барилгажих газрыг дуудлага худалдаагаар өгөх бөгөөд газар авсан компаниуд барилгаа өөрсдөө барина. Хот ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, зураг төсөл, эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэж өгнө.
-Иргэд хэр идэвхитэй байна?
-Борлуулалтын ажил тавдугаар сарын 14-нөөс эхлэсэн гэхээр 20-иод хонож байна. Энэ хэдхэн хоногт мянгаад иргэн манайхаас мэдээлэл авсан. 200-гаад хүн хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байгаа. Борлуулалт арав гаруй хувьтай явагдаж байна.
-Барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Барилгын ажлын тухайд гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байж эхлэнэ. Одоогоор аль болох түргэн хугацаанд гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Нийслэлд машин худалдаалж байгаа цэгүүд болон авто худалдааны цогцолбор хоёрын ялгаа  тэнгэр газар шиг  зөрүүтэй байх болов уу?
-Одоогоор автомашиныг зориулалтын болон зориулалтын бусаар 30 цэгт худалдаалж байна. Эдгээрээс иргэд сонголтоо хийхэд цаг хугацаа гээд олон хүчин зүйлээ алддаг. Хотын төвдөө хаана дуртай газар энэ төрлийн худалдаа хийж байгаа нь хотын бодлоготой зөрчилдөж байгаа.  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол нийслэлийн замын түгжирлийг сааруулах зорилготой. Түүнтэй уялдуулаад энэхүү цогцолбор маань түгжирлийг сааруулахад ихээхэн ач холбогдол өгөх юм. Мөн алслагдсан хороонд цогцолбор байгуулагдснаар орон нутагт үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар нэмэгдэж, ажлын байр, бизнесийн орчин нэмэгдэх, агаарын болон хөрсний бохирдол багасна гээд маш олон талын ач холбогдолтой. Авто худпалдааны цогцолборт машины худалдаа, сэлбэг, жолооны сургалт, авто засвар зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан цогцолбор барихаар төлөвлөөд байна. Мөн баруун бүсийн ложистикийн төв баригдана. Дэд бүтцийн тухайд хойноосоо 22-ын товчоо, урдуураа Туул голын хурдны замтай холбогдох юм.
-Ирэх аравдугаар сарын 1-ээс нэг ч  автомашин ил задгай худалдаалахгүй гэж байгаа. Иргэдээс ирж байгаа хүндрэл бэрхшээл юу байна?
-НИТХ-ын Тэргүүлэгчийн тогтоолоор аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ил задгай автомашин худалдаалахыг хориглосон байгаа. Тэгэхээр зөвхөн энэхүү цогцолбор дээр л авто машины худалддаа эрхлэнэ гэсэн үг.
-Захиалагчийн гэрээ хийхэд урьдчилгаа төлбөр төлөх үү?
-Төлбөрийг 100 хувь урьдчилж авч байгаа. Бид богино хугацаанд бүтээн байгуулалт хийх учраас хөрөнгийг төвлөрүүлэх зорилготойгоор урьдчилгаа төлбөрийг авч байгаа. Үүнтэй холбоотой Зээлийн батлан даалтын сан, түүнтэй хамтран ажилладаг арилжааны банкуудтай гурвалсан гэрээ байгуулахаар хамтран ажиллаж байна. Энэ нь манай авто зогсоолыг худалдаж авах иргэдэд банкууд зээл олгох, барьцаа хөрөнгийг Зээлийн батлан даалтын сан даах ач холбогдолтой. Манайхаас ямар үүрэг хүлээлгэж байгаа гэхээр аравдугаар сарын 1-нээс ашиглалтанд ороод зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гартал батлан даалтын сан дээр барьцаа хөрөнгийн баталгаа гаргаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ гарахаар банкинд барьцаа болж очихоор зохицуулалт хийхээр ярьж байна. Энэ асуудлаар бид удахгүй хамтарсан мэдээлэл хийнэ.
-Хотын баруун чиглэлд 22-ын товчоо гэхээр хотын төвөөс алслагдсан гэх юм. Энэ тал дээр?
-Байршил нь харьцангуй хол. Тэгэхдээ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр Сэлбэ, Баянхошуунд Улаанбаатрын дэд төвүүд баригдана. Тэр хүрээнд  цогцолбор болон маш олон орон сууцны хорооллууд баригдаж байгаа юм. Иргэд зөвхөн машин худалдаж авахгүй. Тос маслоо солиулах гээд очихдоо ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, үзвэр үйлчилгээ гээд л бүх зүйл төвлөрнө.  Түүнчлэн бид банкуудтай ярилцаж байна. Зээлийн батлан даалтын сантай хамтарч ажилладаг арилжааны найман банкнаас сонгож аваад гурвалсан санамж бичиг байгуулах түвшинд ярилцаж байгаа. Банкууд зогсоол авах гэж байгаа харилцагч нартаа зээл олгох талд анхаарна гэсэн үг. Авто зогсоолын нийт борлуулалтын хэмжээ бол 53 тэрбум төгрөг байгаа. Энэ маань банкуудад тодорхой хэмжээний зах зээл юм. Манайх зогсоолын борлуулалтаа эхний удаа “Хаан”, “Хас” “Голомт” банкны дансаар хийж байгаа.
-Таны хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилдаг. Тэгэхээр одоогийн автомашин худалдаалж байгаа газрууд дээр  сургууль, цэцэрлэгийн барилга барих хэрэгтэй байна гэсэн санал хэлж болдоггүй юм уу?
-Автомашин худалдаалж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх газрууд хаагдана. Ингэхдээ тэдгээр иргэд маань үүнийг  дараагийн бизнесийн орчин хэмээн харж байгаа юм байна лээ. Тодруулбал, “Өгөөмөр”, “Да хүрээ“ зэрэг газрууд өөрсдөө барилгажих төлөвлөгөөтэй байгаа юм билээ. “Өгөөмөр” зах гэхэд л Баянзүрхийн XIV хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орчихсон хороолол багтаж байгаа. Тэр ч утгаараа өөрсдөө зураг төслөө гаргаад нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж байгаа гэсэн. Нийслэлийн хэмжээнд 86 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болоод байршлыг нь шийдсэн байгаа. Зарим байршил дээр газар чөлөөлөх ажилд бэрхшээл гараад байгаа гэсэн. Эдгээр газруудад нийгмийн барилга байгууламж барихаар төлөвлөсөн байгаа бол хотод тэр газрыг нь худалдаж авах зохицуулалт байж болно.

М.Янжинлхам

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд