Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунтай Төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаар ярилцлаа. Тэрээр мөн тус дүүргийн Ёс зүйн зөвлөлийн дарга юм.

 

 

 - Танай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 оныг “Сахилга, харуцлагын жил” болгон зарласан юм байна. Иймээс таньтай төрийн албан хаагчийн ёс зүйн талаар ярилцья гэж бодлоо. Ихэнх газар орон тооны бус ёс зүйн хороо гэж байдаг. Танайх Ёс зүйн зөвлөлтэй юмаа?

- Манайд бас Ёс зүйн хороо гэж бий. Хороо нь зөвхөн Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцдаг бол Ёс зүйн зөвлөл нь  дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон Тамгын газрын нийт төрийн албан хаагчидтай холбоотой асуудлыг хариуцдаг. Бусад дүүргүүдтэй харьцуулахад энэ нь шинэлэг хэлбэр л дээ. Тус зөвлөл нь өнгөрсөн жилд гэхэд дүүргийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбоотой 42 өргөдөл гомдлыг тухай бүр шийдвэрлэн, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Мөн төрийн албан хаагчдаараа Ёс зүйн баталгаа гаргуулж авсан. Баталгаанд төрийн албаны ёс зүйг чанд сахин ажиллах талаар тусгасан байгаа.

- Төрийн албыг хүнд сурталтай, харилцааны доголдолтой гэж шүүмжлэх хүн олон байдаг. Та үүнийг юу гэж боддог вэ?

- Ер нь Монголын нийгмийн аль ч түвшинд харилцааны доголдолтой тал ажиглагддаг юм. Дэлгүүрт ороод үйлчлүүлэхэд худалдагч нь дуртай дургүй үйлчлэх, аль нэг албан газрын угтах үйлчилгээний ажилтан нь хүртэл зандрах маягтай харагдаад байдаг. Ялангуяа төрийн албан хаагч хүн иргэдэд үлгэр жишээ болохуйц өндөр мэдлэг чадвар, харьцаа, соёлтой байх учиртай. Тамгын газрынхаа болон хороодынхоо албан хаагчдад иргэдтэй харьцах харьцаан дээрээ анхаарч ажиллахыг сануулдаг юм. Нөгөө талаар төрөөсөө үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүст хахир хандаж болохгүй. Иргэдийн төлсөн татварын мөнгөөр цалинждагаа бодож ажиллах, иргэдийг өөрийнхөө эцэг, эх, ах, дүүтэй адил санаж үйлчлэх хэрэгтэй.

- Нээрэн Төрийн албан хаагч бүр иргэдэд ах дүү шигээ санаж үйлчилвэл төрийн албаны нэр хүнд өсөөд ирнэ дээ.

- Тэгэлгүй яах вэ. Төрийн албан хаагч ч гэсэн хүн. Миний хувьд гэхэд төрийн албан хаагч хэдий ч, бусад хүмүүстэй нэгэн адил эмнэлэгт үзүүлэх,  жолооны үнэмлэх авах, үл хөдлөх хөрөнгө авах, татвар төлөх, байшингаа бүртгүүлэх, төрсний гэрчилгээ авах, гадаадад аялахдаа виз мэдүүлэх зэргээр амьдралынхаа туршид төрийн албан хаагчидтай нүүр тулсаар ирсэн. Бидний хэн нь ч өвдөхөөрөө эмнэлэгээс, шаардлага гарвал оршин суугаа хорооноосоо гээд адилхан л үйлчилгээ авна. Тэр үед эмч, сувилагч, хорооны ажилтан ямар хандлага харьцаатай байвал сайхан, яг тийм хандлагаар иргэддээ үйлчлэх хэрэгтэй. Мэдээж албан хаагчид бүх иргэний асуудлыг шийдэж чадахгүй л дээ. Гэхдээ асуудлыг хүлээцтэй сонсож, шийдвэрлэх гарц гаргалгааг үнэн сэтгэлээсээ хайхад, хийсэн оролдлогод нь л хүн баярлана.   

Миний бодлоор “төрийн шилдэг албан хаагчид” гэдэг бол нийтлэг хүн чанараа гээгээгүй, өөрсдөө үйлчилгээ авах хэрэгтэй болж байсан үеэ эргэн санадаг хүмүүсийг хэлдэг гэж үздэг. Харин “төрийн хамгийн муу албан хаагчид” бол “Ноён” болж хувирсан, аливаа зүйлийг илүү түвэг чирэгдэлтэй болгохыг урдаа тавьдаг, тухайн зүйлд эцсийн цэгийг тавих биш саад тотгор учруулах сонирхолтой хүмүүсийг хэлдэг байх.  Эдгээр тохиолдолд бид төрд ажиллаж байгаагаа санах нь зүйтэй бөгөөд өөрсдийгөө “төрийн албан хаагч” гэдгээ юу юунаас илүүтэйгээр ухамсарлахыг нэн тэргүүнд тавих ёстой.

 - Түрүүнд та төрийн албан хаагчийн мэдлэг чадварын тухай дурьдлаа. Өнөөдөр төрийн албан хаагчид чадвартай байж чадаж байна уу?

- Ямар байгааг ярихаас илүү ямар байх ёстойг бодож,  ярьж, түүндээ хүрэх гэж хичээж ажиллах ёстой юм. Төрийн албан хаагч, тэр дундаа төрийн захиргааны албан хаагч бол юуны өмнө бодлого боловсруулагч. Өөрийн хариуцсан хүрээний асуудлаар иргэдэд, нийгэмд чухам юу хэрэгтэйг тодорхойлон, судалгаа хийж, төрийн бодлого шийдвэрт тусгах үүрэгтэй. Хоёрдугаарт бодлого хэрэгжүүлэгч. Төр засгийн аливаа бодлого шийдвэрийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шударга, ёс зүйтэй, хамгийн гол нь хүн чанартайгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Албан хаагч бүр ингэж хичээж ажиллавал төрийн албаны, төрийн албан хаагчийн, өөрсдийнх нь нэр хүнд өснө л дөө. Үүнээс гадна саяхан зурагтаар “Гацуурт” компанийн захирал Г.Чинбат ярьж байсан. “Хүн сурнаараа биш, хүссэнээрээ ажилладаг” гэж. Би үүнтэй санал их нийлж байгаа юм. Хүнд зорилго, хүсэл тэмүүлэл байхад ямар ч ажлыг хийж чаддаг.  

-Сонгинохайрхан дүүргийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлагдаж байгаа юм байна. Энэ талаар тодруулаач?

-Төрийн албан хаагчдын цалин үнэхээр бага байна. Холбогдох албан тушаалтнуудын хэлж байгаагаар төрийн албан хаагчдын дундаж цалин 670 мянган төгрөг гэж байгаа. Бодит байдал дээр дундаж цалин хамаагүй бага. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга миний цалин 630 мянга. Хорооны албан хаагчийн цалин Төрийн албан хаагчийн цалингийн шатлал /ТЗ-3/-ын дагуу 400 орчим мянган төгрөг. Эмч багш нарын дундаж цалин 670 мянга хүрэхгүй. Төрийн албан хаагч гэсэн сайхан нэртэй л ажиллаад байдаг, амьдралд нь огтхон ч өөрчлөлт ордоггүй нь олон.  Дүүргийн удирдлагуудын зүгээс төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж чадахгүй ч гэсэн нийгмийн асуудалд нь анхаарал хандуулж дэмжих ёстой гэсэн үүднээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Танай дүүргийн бүх төрийн албан хаагчдад ажлын амжилт хүсье.

-Танд ч гэсэн баярлалаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд