Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 20-ний өдрийн

                                                                                  23 дугаар тогтоолын хавсралт 

 

 ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Энэ журмын зорилго нь гэр хорооллыг дахин төлөвлөх, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх, хяналт тавих, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцаа, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлж, үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмыг баримтлан иргэд, олон нийтийн оролцоог хангаж, нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно. 

1.3.1. ”гэр хорооллын дахин төлөвлөлт” /цаашид дахин төлөвлөлт гэх/ гэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг;

1.3.2. ”гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл’’ гэж /цаашид “төсөл” гэх/ энэ журмын 1.3.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулан боловсруулсан баримт бичгийг;

1.3.3. ”сонгосон талбай” гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг;

1.3.4. ”гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ” гэж дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч болон Нийслэлийн Засаг дарга харилцан тохиролцож, байгуулсан баримт бичгийг;

1.3.5. ”гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” гэж дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож байгуулсан баримт бичгийг;

1.3.6. “хэсэгчилсэн талбай” гэж сонгосон талбайг хэсэгчилэн хуваасныг.

1.4.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар сонгосон талбайд хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөр энэ журамд нийцсэн байна.

 

ХОЁР.ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО

 

2.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, хорооны дүрмийг батална.  

2.2.Төслийн удирдах хороо нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.2.1.төслийг хэрэгжүүлэх явцад гарах аливаа асуудлыг шийдвэрлэн, хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, дүгнэлт, тэмдэглэл гаргах, үүрэг даалгавар өгөх;

2.2.2. сонгосон талбайд улс, нийслэлийн төсвөөр хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах барилга байгууламжийн жагсаалтыг гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх;

2.2.3. төсөл хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

2.2.4. газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

2.2.5. төслийн явцад хяналт тавих, сонгогдсон хэсэгчилсэн талбай  дахь барилгажилтын үр дүнг үнэлэх, уг үнэлгээ, төсөл хэрэгжүүлэгчийн саналыг харгалзан төсөл хэрэгжүүлэгчийг бусад хэсэгчилсэн талбайд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх шийдвэр гаргах;

2.2.6. гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх  хоёр болон гурван талт гэрээний загвар батлах;

2.2.7. төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгын загвар батлах;

2.2.8. төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд тухай бүр мэдээлэл өгөх;

2.3. Төслийн удирдах хороо нь Ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар гүйцэтгэнэ.

 

ГУРАВ.ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

3.1. Нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/-ийг байгуулна.

3.2. Төслөөр хэрэгжүүлэх ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг дарга батална.

3.3. Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсны дараа сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн саналыг хүлээн авах урилгыг Ажлын хэсэг олон нийтэд мэдээлж, 22 хоногийн дотор хүлээн авч, нээнэ.

3.4. Урилгад дараах зүйлийг тусгасан байна:

3.4.1. хэрэгжүүлэх ажлын товч агуулга, ажлын даалгавар;

3.4.2. хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан загвар төсөл, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо;

3.4.3. санал хүлээн авах, нээх хугацаа;

3.4.4. саналыг хүлээн авах газрын тодорхой хаяг, харилцах утасны дугаар,

 

3.4.5. төсөл хэрэгжүүлэх газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах урилгад тусгана.

 

3.5.Саналд дараах зүйлийг тусгасан байна:

 

3.5.1. энэ журмын 3.4.1, 3.4.2, 3.4.4-т заасныг хангасан санал;

 

3.5.2. санхүүгийн чадавхи, түүнийг нотолсон баримт бичиг;

 

3.5.3. хүний нөөц, удирдлага, ажлын туршлага;

 

3.5.4. энэ журмын 4.5-д заасан шаардлагыг хангасан төсөл;

3.5.5.төсөл хэрэгжүүлэх хугацаа.

3.6. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд нь саналыг битүүмжилж, Ажлын хэсэгт ирүүлнэ.

3.7. Ажлын хэсэг ирүүлсэн саналыг тэмдэглэл үйлдэн хүлээн авна.

3.8. Ажлын хэсэг төслийн саналыг нээхдээ төсөл хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн этгээдийг байлцуулна.

3.9. Ажлын хэсэг төслийн санал тус бүрт үнэлгээ өгч, 10 хоногийн дотор дүгнэлт гаргана.

3.10. Ажлын хэсэг дүгнэлтдээ дараах зүйлийг тусгана.

3.10.1. шалгуур үзүүлэлт бүрээр ирүүлсэн санал тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ; 

3.10.2. санал тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо;

3.10.3. төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ерөнхий ба туршлагын чадавхийн үнэлгээ; 

3.10.4. ажлын хэсгийн нэмэлт санал.

3.11. Ажлын хэсгийн гишүүд саналыг тус тусдаа үнэлж, нэгдсэн үнэлгээг төслийн санал тус бүрээр гаргана.

3.12. Ажлын хэсгийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурсан байна.

3.13. Ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгж нь төслийн эхний танилцуулгыг газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдэд 7 хоногийн хугацаанд зохион байгуулна.

3.14. Ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгжийн төслийг сонгосон талбай буюу хэсэгчилсэн талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч дэмжих эсэх талаар санал авах ажлыг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ зохион байгуулж дүнг Төслийн удирдах хороонд танилцуулна.

3.15. Төслийн танилцуулгын үр дүнд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан аж ахуйн нэгж нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-иас доошгүй хувийн зөвшөөрөл авч, хоёр талт гэрээ байгуулна. Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна.

3.16. Төслийн удирдах хорооны ажлын алба нь төслийн танилцуулгын үр дүнд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан этгээдэд газар үл хөдлөх хөрөнгө  өмчлөгч, эзэмшигчтэй хоёр талт гэрээ хийх эрхийг 301 хүртэлх нэгж талбартай байршилд 30 хоног, 301 ба түүнээс дээш нэгж талбартай байршилд 60 хоногийн хугацаатай олгоно.

3.17. Хоёр талт гэрээнд дараах зүйлсийг тусгасан байна.

3.17.1. Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн үндсэн мэдээлэл;

3.17.2. Газар, үл хөдлөх хөрөнгийн үндсэн мэдээлэл;

3.17.3. Худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн тохиолдолд төлбөр төлөх хугацаа;

3.17.4. Газар чөлөөлөхтэй холбогдох зардлыг хэрхэн шийдвэрлэх тухай;

3.17.5. Орон сууцаар солих тохиролцоо хийсэн тохиолдолд солих орон сууцны давхар, өрөөний тоо, м.кв-ын хэмжээ, орон сууц ашиглалтанд орох хугацаа;

3.17.6. Орон сууцаар солих гэрээ байгуулсантай холбоотой түр суурьшуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай;

3.17.7. Төсөл хэрэгжих явцад үүсч болох эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга зам;

3.17.8. Талуудын гарын үсэг, тамга тэмдэг.

3.18. Төслийн удирдах хорооны ажлын алба нь энэ журмын 3.15 дэх заалтын хэрэгжилтийг дүгнэж, Нийслэлийн Засаг дарга, Төслийн удирдах хороонд танилцуулна.     

3.19. Ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгж энэ журмын 3.16-т заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан тохиолдолдтөслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулан Төслийн удирдах хороонд танилцуулна.

3.20. Нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.15 дэх заалтын хэрэгжилт, төслийн төлөвлөгөөг хянасан Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно.

3.21. Ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгж энэ журмын 3.16-т заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авч чадаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг дарга шалгаруулалтыг дахин зарлана.

3.22. Төсөл хэрэгжүүлэх эрхийг тусгай зориулалтын компани байгуулан хэрэгжүүлж болно.

 

ДӨРӨВ. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

4.1. Төсөл хэрэгжих талбайн байршил, хэмжээг тогтоох талаар Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбайг сонгоход тавигдах шаардлага:

 

4.2.1.дэд бүтэц, газар ашиглалтыг сайжруулснаар нийтийн эрх ашигт нийцсэн, хотын хөгжилд тэргүүлэх ач холбогдол бүхий газар байх;

 

4.2.2.стратегийн ач холбогдол бүхий инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барьж байгуулах газар байх;

 

4.2.3.инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламжийг холбогдох норм ба дүрмийн дагуу төлөвлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй газар байх;

 

4.2.4. Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд  заасан шаардлагад нийцсэн байх.

4.3. Төсөлд зөвхөн тухайн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч оролцоно.

 

4.4. Сонгосон талбайд бүхэлд нь буюу хэсэгчлэн төсөл хэрэгжүүлж болно.

 

4.5. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна.

 

4.5.1. энэ журмын 1.2-т заасан зарчимд нийцэх;

 

4.5.2. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдах;

 

4.5.3. сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 75-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах;

 

4.5.4. төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх;

 

4.5.5. төслийг хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байх;

 

4.5.6. газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулсан байх;

4.6. Иргэн, хуулийн этгээд төсөл хэрэгжүүлэх санаачлагыг төслийн удирдах хорооны ажлын албанд гаргана.

4.7. Төслийн удирдах хорооны ажлын алба нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан санаачилгыг судлан дүгнэлт гаргаж, Төслийн удирдах хороонд танилцуулна.

4.8. Төслийн удирдах хорооноос дэмжигдсэн санаачлагыг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж хэлэлцүүлнэ.

4.9. Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 75-аас дээш хувь нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, оршин суугчдын түр зөвлөлийг байгуулж болно.

4.10. Оршин суугчдын түр зөвлөл нь төсөл хэрэгжүүлэгчид дэмжлэг үзүүлэх, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.11. Төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэйгурван талт  гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ.

4.12. Сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр эрх авсан төсөл хэрэгжүүлэгч зохион байгуулна.

4.13. Төсөл хэрэгжүүлэгч нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй. Төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалтын компани байгуулсан тохиолдолд Төслийн удирдах хорооны шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлж болно.

4.14. Гурван талт гэрээг Нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулна.

4.15. Нийслэлийн Засаг даргын гурван талт гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар төлөөлөн хэрэгжүүлнэ.

4.16. Гурван талт гэрээ байгуулаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр нөхөх олговор олгож, газрыг чөлөөлнө.

4.17. Төсөл хэрэгжүүлэх хоёр болон  гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй.

4.18. Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг төслийн удирдах хорооны баталсан гэрээний загвараар байгуулах бөгөөд өөр загвар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно.

 

4.19. Нийслэлийн Засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлнэ.

 

4.20. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусад эх үүсвэрээс бүрдэж болно.

 

4.21. Төслийн нийт санхүүжилтийн 50-иас доошгүй хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлэх тохиолдолд энэ журмын 4.19-д заагдсан ажлыг хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрхтэй. 

 

4.22. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

 

4.23. Төсөл хэрэгжүүлэгчийг хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр өөрчлөхгүй байх баталгааг Нийслэлийн Засаг дарга гаргана.

 

4.24. Төсөл хэрэгжүүлэгчийн худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгө нь төсөл хэрэгжүүлэгч компаний нэр дээр эзэмших эрхтэйгээр шилжих бөгөөд худалдан авсан газар, үл хөдлөх  эд хөрөнгийг зөвхөн төслийн зориулалтаар ашиглана.

 

4.25. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно.

 

4.26. Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, арга хэмжээг Засгийн газрын болон төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухайн жилийн зорилт болон улс, нийслэлийн төсөвт тусгана. 

4.27.Нийслэлийн Засаг дарга нь сонгосон талбай дахь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчдэд өргөн барьж батлуулна.

 

ТАВ. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН

ЭРХ, ҮҮРЭГ

 

5.1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох ажлыг эрхлэн зохион байгуулна.

5.2. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй газарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийх санаачлага гаргасан бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд  тодотгол хийх ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцна.

5.3. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэнсонгосон талбайд барилгабайгууламж, инженерийн шугам сүлжээ шинээр барих болон өргөтгөх, давхарлах үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тодотгол батлагдах хүртэлх хугацаанд түр зогсооно.

5.4. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ нь энэ журмын 3.14-т заасан үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

5.5. Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар нь төслийн хэрэгжилтийг хагас жил тутам үнэлж, тайланг гаргана. 

5.6. Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар нь Төсөл хэрэгжүүлэхээр урьдчилан сонгогдсон этгээдийн хоёр талт гэрээний ажлын явцыг үндэслэн гэрээ хийх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

5.7. Гэр хорооллын хөгжлийн газар нь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, төсөл хэрэгжүүлэгчийн худалдан авснаас бусад газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг хадгална.

5.8. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн судалгааг Төслийн удирдах хорооны ажлын албанд гаргаж өгнө.

5.9. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь сонгосон талбай дахь газар эзэмших, ашиглах эрхийн шилжилт хөдөлгөөнийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тодотгол батлагдах хүртэлх хугацаанд түр зогсооно.

5.10. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь сонгосон талбай дахь газар өмчлөгч, эзэмшигчдийн бүртгэлийн зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулна.

5.11. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь Нийслэлийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээг бүртгэнэ.

5.12. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдсаны дараа инженерийн хангамжийн байгууллагуудтай хамтран технологийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн даалгаврыг боловсруулна.

5.13. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжсэн инженерийн барилга, байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах комисст ажиллан, ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна.

5.14. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

 

ЗУРГАА. БУСАД

 

6.1. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.

6.2.Энэ журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд