Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Иргэдээ сонсъё” сарын аяныг зохион байгууллаа. Уг аян Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжиж 03 дугаар сарын 21-нд хаалтаа хийлээ.   

 

     Уг аяны хүрээнд иргэдээс гарсан санал санаачлагыг сонсож, бодлогын түвшинд хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаандаа тусгахаас гадна нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сурталчилан танилцуулах зорилготой юм. Сонгинохайрхан дүүрэг нийт 32 хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа. 03 дугаар сарын 21-ны “Иргэдээ сонсъё” аянд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Р.Дагва, М.Халиунбат нар оролцож, 16, 17, 18, 19, 20, 23, 29, 30 дугаар хороодын иргэдтэй уулзаж, саналыг нь сонсон, ярилцсан юм. Уулзалтын үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Р.Дагва “Өмнөх жилүүдэд нийслэлийн төсөв их том байсан. Харин өнөөгийн эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас үүдээд биднийг амаргүй жилүүд хүлээж байна. Гэхдээ бид олон улсын сангууд болон бусад төсөл хөтөлбөрүүдээс жижиг гэлтгүй хөрөнгө оруулалт татах ажлуудыг системтэйгээр хийж байна. Эдийн засгийн байдал хэдий ийм ч УИХ дахь 65-ын бүлэгтэйгээ хамтраад эрхзүйн орчноо хот нийслэл, улсын хэмжээнд сайжруулж, алдаагаа засаж залруулах маш том боломж бүрдэж байгаа” гэсэн юм.

 

 

     Харин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Халиунбат нийслэлийн төсөв ямар ямар асуудалд зарцуулагддаг талаар иргэдэд мэдээлэл өгч, хороодын цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх боломж байгаа, түүнийгээ хэрэгжүүлэхээр баг хамт олноороо олон ажлууд хийж байгаа тухай танилцууллаа.

 

 

     “Иргэдээ сонсъё” аян Сонгинохайрхан дүүргийн бүх хороодын иргэдийн төлөөлөлд хүрлээ. Аянд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Нийслэлийн холбогдох хэлтэс албадын дарга нар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хэлтэс, алба, тасгийн дарга нарын бүрэлдэхүүн оролцлоо.

 

 

     Нийслэл, дүүрэг хамтраад бүтэн багаараа иргэдийнхээ санал бодол, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг сонсох өнөөдрийн уулзалтын үеэр 18-р хорооны иргэн Долгор “Ахмад залуу үеийнхээ уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй байна. Өндөр боловсролтой мундаг залуучууд дарга болж байгаа нь сайн хэрэг. Тэдэнд бидний туршлагаас авах юм байгаа” гэж учирлаад манай дүүрэг хүн ам болон газар нутгийн хувьд хэтэрхий том учраас хуваах асуудал яригдах уу гэдгийг асуулаа. 19-р хорооны иргэн, тэтгэвэртээ гарахаасаа өмнө Баянзүрх болон Баянгол дүүрэгт олон жил хороон Засаг дарга хийж байгаад сүүлд Сонгинохайрхан дүүргийн иргэн болсон Ядамсүрэн гуай “Манайхан миний хогийг хэн ачих вэ, манай дээврийг хэн янзалж өгөх вэ гээд л дандаа эрхийн асуудлаа ярих юм. Тэгсэн мөртлөө хэн ч үүргийнхээ талаар дуугарахгүй байна. Одоо сая гаруй хүн амтай хот маань хотын дүрэм, эрхзүйн акттай болох цаг нь болсон. Гудамжинд шүлс нусаа хаявал торгоно гэж байна. Энэ маш зөв, амьдарч байгаа газартаа өөрсдөө ингэж хандаж байж бусдыг түүнийгээ цэвэрлэхийг шаардана гэдэг байж болох уу. Нөгөөтэйгүүр үүн дээр тамхины иш хаясан хүнийг ч торгох тухай оруулах ёстой” хэмээн зарчмын санал хэлсэн юм.

 

 

     Түүнчлэн иргэдийн зүгээс дулаарахаар архины асуудал газар авдаг талаар сануулаад найман нэрийн дэлгүүрүүд ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд шалгалт явуулах, асуудал гаргаж байгаа байгууллагын зөвшөөрлийг нь цуцлах нэгдсэн стандарт тогтоох зэрэг шаардлагуудыг тавьж байлаа.    

      Уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид эхлээд сургууль, цэцэрлэг дараа нь гудамж, зам талбайн завсар, шавар шавхай, тэгээд гэрэлтүүлэг, камераа шийдье гэдэг дээрээ тохирсон. Бид ч ажлаа аваад үүнийгээ хийхийн төлөө явж байна. Сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг гадны тусламж, концессийн гэрээ зэргээр шийдэж болох олон боломж бидэнд байгаа. Ажлаа эхлүүлэх гэхээр багагүй саад гарч байгаа, тухайлбал сургууль барихаар сонгосон газрыг өмнө нь хэн нэгэнд өгчихсөн, буцааж авах гэхээр сургууль барих мөнгөнийхөө талыг өгөх болчихоод байх жишээтэй. Тэгэхээр бид энэ алдааг давхар засахгүй бол цаашдын хийх ажил маань гацах аюул байна. Нөгөөтэйгүүр төрийн өмчид байгаа ашиглагддаггүй барилгуудыг боломжоор нь цэцэрлэг болгох ажлыг хийж байна. Энэ ажлууд эхний ээлжинд хийгдчихнэ. Бид өвөлжингөө “Энгийн дадлаар Эрүүл амьсгалъя” гэж ярьсан. Гэтэл Сонгинохайрханы засаг иргэдээ зөв амьсгалж сур гэлээ гээд цахим ертөнцөөр улстөржүүлээд эхэлсэн. Үнэндээ тэр амны хаалт зүүдэг байдлыг дадал болгохоор хийсэн. Бид өвөлдөө хичнээн төрлийн хортой бодисоор амьсгалж байгаа билээ. Амны хаалт зүүчихвэл хэдэн хувийг нь бууруулж болох вэ гэдэг талаар зөндөө ярьсан. “Энгийн дадлаар Эрүүл амьсгалъя” аяны гол зорилго энэ л байсан.  Амны хаалтнаас гадна бид дүүргийнхээ томоохон аж ахуйн нэгжүүдээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажил хийх гэж байгаа бол цэцэрлэг, эмнэлгүүддээ амьсгалын аппарат авч өгөөрэй гэдэг санал тавьсан. Түүний хүчинд хэд хэдэн сайн чанарын аппараттай болсон. Дүүргийн төсөв мөнгө муу л гэдэг гэхдээ бид мөнгөгүй гээд зүгээр суугаагүй тав, арав гэлтгүй хөрөнгө оруулалт татах бүх боломжийг хайж төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаад явж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар гэрээ байгуулж, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл явуулахад зориулж 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг эхлүүллээ. Эцэст нь хэлэхэд иргэдийнхээ санаа бодлыг сонсож, хэлсэн үг, гаргасан саналыг нь цаашдын ажилдаа тусгахаар ажиллаж байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нарт баярлалаа” гэсэн юм.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд