“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус арга хэмжээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргүүдийн Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн эрдэмтэн багш, сурагчид оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт боловсролын салбарыг шинэчлэх маш олон заалтуудыг оруулсан. Энэ ажлын хүрээнд “Нийслэлийн боловсрол 2020” бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна. Уг баримт бичигт нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж буй бүх асуудлын шийдлүүд тусгагдсан. Үндсэндээ энэ 4 жилийн хугацаанд бид бүхэн нийслэлийн боловсролын салбарт маш том ахиц гаргахаар зорин ажиллаж байгаа юм. Хамгийн эхэнд сургуулийн орчин, барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх, нийслэлийн хэмжээнд байгаа цэцэрлэггүй 26 хороог цэцэрлэгтэй болгох юм. Түүнчлэн ирэх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 34 сургууль, 52 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор Улаанбаатар хотод баригдана. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, 9 сургууль, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 4, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургууль баригдах юм. Үүнтэй зэрэгцүүлэн бид бүхэн цаашид нийслэлийн боловсролын салбарын чанар, хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.

 

Энэ дашрамд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгагдсан зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эх хэлний боловсролыг дэмжих “Цээж бичиг” нэгдсэн ажиллагаа, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх “Амжилтын гараа” уралдаан, сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, боловсролын удирдлагын багийг дэмжих, багш нарыг урамшуулах “Индексийн урамшуулал олгох журам”, тогтвортой хөгжлийн боловсролыг  дэмжих  “Эко сургууль, цэцэрлэг” аян, багш нарыг алдаршуулах “Нийслэлийн багш-Бидний бахархал”, сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг чанаржуулах “Цахим элсэлт” ажиллагаа  зэрэг олон ажлыг  Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, дүүргийн боловсролын хэлтсүүдтэй хамтран зохион байгуулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан үзүүлэх сургуульд 600 гаруй шилдэг бүтээл танилцуулагдсанаас 24 шилдэг бүтээлийг өнөөлөр шалгаруулан “Батламж” гардуулав. Энэхүү 24 шилдэг ажлын туршлагыг нийслэлийн боловсролын хүрээнд түгээн дэлгэрүүлж, олны хүртээл болгох төдийгүй “Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” мэдээллийн санд оруулах аж. Мөн шилдэг бүтээлийн “Батламж”-ийн эздийн боловсролын салбарт оруулсан гавьяа зүтгэлийг Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=30901 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд