Шуурхай хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14:00 цагт дүүргийн Иргэний танхимд Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа удирдан явууллаа. Хуралдааны ирц 93,7% байлаа.
Хуралдааны эхэнд Шинэ жил угтсан их цэвэрлэгээ зохион байгуулсан талаарх мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэргийн тоо бүртгэлтэй холбоотой мэдээллийг Цэргийн штаб, 2016 оны хороодын үйл ажиллагааг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс танилцууллаа.
Хороодын Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
1. Дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй “Энгийн дадлаар Эрүүл амьсгалъя” төслийн хэрэгжилтийг өөрийн хорооны нутаг дэвсгэрт хэрхэн зохион байгуулж буй талаарх товч мэдээллийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэх
2. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлтэй холбогдуулан гаргасан хорооны Засаг даргын захирамж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний дотор Цэргийн штабт ирүүлж, тоо бүртгэлийн ажлыг хорооны нутаг дэвсгэрт үр дүнтэй зохион байгуулах.
3. Дүүргийн Засаг даргатай байгуулсан 2016 оны “Батламж” гэрээний биелэлтийг маягтын дагуу 2 хувь ирүүлж, Засаг даргаар дүгнүүлэх /2017 оны 01 дүгээр сарын 10-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх/.
4. Хорооны зохион байгуулагч нарын үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг маягтын дагуу хийж, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 07-ны дотор ирүүлэх.
5. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагт Иргэний танхимд "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай" хуулийн хэлэлцүүлэгтэй тул хороодын Засаг дарга нар улс төр, хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй 1 иргэнтэйгээ оролцох. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх удирдан зохион байгуулж явуулах тул ач холбогдол өгч оролцох.
6. Дүүргийн 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хороо тус бүр 1 бүтээлч ажил санаачлан, хэрэгжүүлэх. Бүтээлч ажлын саналыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх.