Д.ЗОРИГТ: Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол даатгуулагчийн нийгмийн баталгааг төр хариуцах үүрэгтэй

 

Нийгмийн даатгалын тогтолцоо, хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа.

-Нийгмийн даатгалын өнөөгийн байдал, хамрах хүрээ болон орлого зарлагын гүйцэтгэлийн талаар ярилцлагаа эхлүүлье.

-Өнгөрсөн онд нийгмийн даатгалд 45.5 мянган ажил олгогч хамрагдан, 907.7 мянган хүн албан журмын даатгалд, 197 мянган иргэн сайн дурын даатгалд даатгуулж, жилд 1.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 14.7 хувийг эзэлж байгаа юм. Эргээд нийгмийн даатгалын сангаас 637.2 мянган даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалд 1.8 их наяд төгрөг зарцуулсан. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар 46.9 мянган ажил олгогч, 1.1 сая даатгуулагчийг хамруулж, 1.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн бол зарлагын санхүүжилтэд 1.7 их наяд төгрөг зарцуулж, 618.9 мянган хүнд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгосон байна.

-Сайн дурын даатгалд хамрагдаж буй иргэдийн тоо ямар байгаа бол?

-Нийгмийн даатгал нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Ямар нэг ажил олгогчтой гэрээ байгуулсны үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд, тухайлбал, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй иргэд, оюутан, залуус нийгмийн даатгалд сайн дураараа хамрагдаж, шимтгэлээ төлөх эрх нээлттэй. Энэ оны эхний 10 сарын байдлаар 178.1 мянган хүн сайн дурын даатгалд хамрагдаад байна. Нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулснаар албан журмын даатгуулагчийн нэгэн адил нийгмийн эрсдэлд өртөх үедээ хуулиар тогтоосон болзол, нөхцөлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болдог.

-Ажилгүйдлийн даатгалд улсын төсвөөс жилд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ. Нөхөн олговор олгох нь улсын төсөвт ихээхэн хүндрэл учруулдаг гэдэг. ХХҮЕГ-тэй харилцан зөвлөж, иргэнээ ажилд оруулах талаар ярилцдаг уу?

-Ажилгүйдлийн даатгалын санд улсын төсвөөс ямар нэг нэмэлт санхүүжилт олгодоггүй, энэ сан орлогоороо зарлагаа бүрэн нөхөж, чөлөөт үлдэгдэлтэй байдаг. Оны эхний 10 сарын байдлаар 19.2 мянган хүний тэтгэмжид 34.6 тэрбум төгрөг зарцуулаад байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо харьяа орон нутгийнхаа Хөдөлмөр, халамжийн хэлтэст ажилгүй болсон тухайгаа бүртгүүлсэн байхыг шаарддаг.

-Жилд хэчнээн хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин (ҮОМШӨ)-ий даатгалд хамрагддаг бол. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэхдээ тэдгээр хүний эрх ихээхэн зөрчигддөг, даатгалын мөнгөө авч чаддаггүй гэх юм.

-Үүнтэй санал нийлэхгүй байна. Үйлдвэрлэлийн ослын улмаас тэтгэвэр, тэтгэмж тогтооход шимтгэл төлж ажилласан хугацааг харгалздаггүй, мөн өндөр хувь хэмжээгээр тогтоогддог онцлогтой. ҮОМШӨ-ий улмаас сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл, жилд шинээр 102 хүн тахир дутуугийн тэтгэвэр, 35 хүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, 1001 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж тогтоолгон, авсан байна. Өнгөрсөн оны байдлаар 4118 мянган хүний тахир дутуугийн тэтгэвэрт 23.9 тэрбум, 533 хүний тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 2.6 тэрбум, 1066 хүний хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 0.7 тэрбум, 17 хүний хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөрт 17.4 сая, 3451 хүний рашаан сувиллын төлбөр, ирж, очих унааны зардалд нийт нэг тэрбум төгрөг зарцуулсан байна. Асуудал юунд байна вэ гэхээр, ажил олгогч нар үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох, мэдээлэх үүрэгтэй. Үүнээс зайлсхийдэг гэх мэдээлэл бий. Харин үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгосон даатгуулагчид энэ сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох ажил ямар ч саадгүй.

-Тэтгэмжийн даатгалд хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ? Зарим тохиолдолд мэдээлэлгүйгээсээ болж хохирдог юм билээ.

-Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын гэсэн гурван төрлийн богино хугацаатай тэтгэмж авах боломжтой. Даатгуулагч гурван сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэмжийн даатгалд даатгуулсан бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэл төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Нас барсан даатгуулагч нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгодог. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиар тэтгэмжийн даатгалын сангийн зарлагын төсвийг 114.2 тэрбум.төгрөгөөр баталсан. Оны эхний 10 сарын байдлаар 176.3 мянган даатгуулагчид 102.4 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна.

-Нийгмийн даатгалын тогтолцоо сайн, муу гэх шүүмжлэл их гарах юм. Нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчин Монголд бэхэжсэн үү. Бид ирээдүйдээ санаа зовохгүй байх нөхцөл бүрдсэн болов уу?

-УИХ-аас 1994 онд Нийгмийн даатгалын багц хуулийг батлан, 1995 оноос Монгол Улс нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн. 1995 оноос хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын багц хуульд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч шинэчилсэн найруулга хийгээгүй. Энэ нь нэг талаас манай улсын нийгмийн даатгалын тогтолцооны эрх зүйн орчин харьцангуй тогтвортой, үндэс суурь нь боломжийн гэдгийг харуулж байна. Олон улсын зарим зөвлөх “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоонд сайн туршлага бий” гэж онцолдог. Нөгөө талаас нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн ам зүйн өөрчлөлт, нийгмийн даатгалын үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын холбогдолтой багц хуулийг шинэчлэх цаг болсон гэж үзэж байна. Нийгмийн даатгалын арилжааны даатгалаас ялгаатай онцлог нь бүх нийтийн шинжтэй, хөдөлмөр эрхэлж орлого олдог иргэн бүр хамрагдаж, нийгмийн эрсдэлд өртсөн хэсэг нь үйлчилгээ авдаг эв санааны зарчимд тулгуурласан тогтолцоо юм. Иймд нийгмийн даатгалын харилцаанд орсон, хуулиар заасан болзол, нөхцөлийг хангасан даатгуулагч бүр нийгмийн даатгалын үйлчилгээ хүртэх эрхтэй. Үүнд эргэлзэх зүйлгүй.

-Иргэд нийгмийн даатгал төлөөд хэрэггүй, банканд хадгалуулсан нь зөв хэмээн санал бодлоо илэрхийлдэг болжээ. Үүнд та хэрхэн ханддаг вэ?

-Өнөөдөр Монгол Улсын иргэд бараг бүгд банканд данстай атлаа бүх айл өрхийн 21 хувь нь л хуримтлалтай байгаа. Эсрэгээрээ нийт өрхийн 52 хувь нь ямар нэг зээлтэй, бүр дийлэнх нь давхар зээлтэй байна. Сар бүр банканд зээлийн хүү төлж байгаа иргэдийн хэд нь ирээдүйд учирч болох нийгмийн эрсдэлийг тооцож хуримтлал үүсгэх боломжтой бол. Нийгмийн даатгал төлөхөө больсон тэр цаг үеэс эхлэн нийгмийн бүхэл бүтэн нэг үе ядуусын эгнээнд шилжинэ гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь одоогийн нөхцөлд Монгол Улсын таван иргэн тутмын нэг нь нийгмийн даатгалын үр шимийг хүртэж байна шүү дээ. Нөгөө талаас, иргэд нийгмийн даатгалыг арилжааны даатгалтай харьцуулаад байдаг. Зарим эрдэмтэн, судлаач тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоотой улс оронтой жишиж тайлбар хийх тохиолдол бий.

Дэлхийн улс орнуудад тэтгэврийн даатгалын хуваарилалтын, хагас хуримтлалын, бүрэн хуримтлалын гэсэн гурван тогтолцоо хөгжиж буй. Хуваарилалтын гэдэг нь өнөөгийн шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээр сан бүрдүүлж, эргээд уг санг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр хэлбэрээр буцаан хуваарилж байна. Хагас хуримтлалын гэдэг нь авах тэтгэврийн тодорхой хэсгийг нь хуваарилалтын зарчмаар буюу нэгдсэн сангаас үлдэх хэсгийг өөрийн хуримтлуулсан хэсгээс олгохыг, бүрэн хуримтлалын гэдэг нь авах тэтгэвэр нь зөвхөн өөрийнх нь төлсөн шимтгэлийн хуримтлалаас санхүүжүүлэхийг хэлж байгаа юм. Өндөр хөгжилтэй Сингапур, Швед зэрэг орон хуримтлалын тогтолцоотой. Харин Унгар, Франц зэрэг улс болон манайх тэтгэврийн хуваарилалтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, нийт шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээр бүрдсэн орлогоос одоогийн тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлж байна. Нийгмийн даатгал нь зөвхөн тэтгэвэр олгодог газар биш. Өвдсөн, өтөлсөн, жирэмсэн, ажил, орлогогүй болсон, осолд өртсөн, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, тэжээгчээ алдсан гээд нийгмийн эрсдэл тохиолдсон хүн бүрт өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг юм.

-Та тодорхой жишээ дурдахгүй юу. Нийгмийн даатгалын олон төрлийн үйлчилгээ байдаг гэлээ. Дундаж иргэн тэгвэл хэдий хэмжээний мөнгө нийгмийн даатгалд төлж, эргээд ямар үйлчилгээ авч чадах вэ?

-Манай мэргэжилтнүүд иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс тухайлсан нэг иргэний амьдралын мөчлөг, түүнд учирч болох нийгмийн эрсдэлийн үед төлснийхөө хэрээр үр шимийг нь хүртэж чадах, эсэхэд хийсвэр тооцоолол хийж үзсэн байна лээ. Жишээ нь, даатгуулагч нийтдээ 20 жил ажилласан, 800 мянган төгрөгийн цалинтай гэж үзвэл сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 100 мянган төгрөг төлнө. Шимтгэлийн хувь хэмжээг 2020 оноор тооцоолоход шүү дээ. Ингэхээр жилд 1.2 сая, 20 жилд 24 сая төгрөг төлнө гэсэн үг. Харин энэ хугацаанд даатгуулагчид үүсэж болох нийгмийн эрсдэлээс үүдэлтэй санхүүгийн ачааллыг тооцож үзвэл, 125.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг нийгмийн даатгалын сангаас авах тооцоо гарсан. 

Өөрөөр хэлбэл, шимтгэлд 24 сая төгрөг төлөөд эргээд 125.8 сая төгрөгийн үйлчилгээг нийгмийн даатгалын сангаас авахаар байна. Энэ тооцооллыг хийхдээ хамгийн бага буюу дундаж дүнгээр тооцсон учраас даатгуулагчид тохиолдох эрсдэлээс шалтгаалж үүнээс ч өндөр үнэтэй, олон давтамжтай тусламж, үйлчилгээ авах боломжтой гэсэн үг. Бүгд нэгэн зэрэг тэтгэвэрт гардаггүй, нэг зэрэг өвдөж, нэгэн зэрэг хүүхэд төрүүлдэггүй учраас нийтийн төлсөн сангаас тэтгэвэр, тэтгэмж хуваарилан олгож байгаа юм. Нийгмийн даатгалын хуваарилалтын буюу эв санааны зарчим (Pay as you go) үйлчилж байна гэсэн үг л дээ. Энэ утгаараа арилжааны сайн дурын даатгалаас ялгаатай. Мөн мөнгөө банканд хадгаламж хэлбэрээр байршуулж, хүүгээр өсгөхөөс ч ялгаатай. Нийгмийн даатгал (social insurance) нь хүн амын нийгмийн хамгааллын бодлогын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол тэр даатгуулагчийн нийгмийн баталгааг төр хариуцах үүрэг хүлээж байгаа. Ийм ч учраас албан журмын шинжтэй байдаг.

-Цэрэг, цагдаагийн байгууллагынхан эрт тэтгэвэрт гардаг нь төсөвт хүндрэл учруулж байна гэдэг. Өнгөрсөн онд тэдний тэтгэвэрт хэдэн төгрөг зарцуулав. Ирэх онд хэдийг зарцуулахаар төсөвт суулгаж байгаа бол?

-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21.1-д зааснаар НДЕГ нь гэрээгээр цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоож, харилцагч банкуудаар дамжуулан олгох ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. Хуулийн энэ зохицуулалтын дагуу тус газар зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллага, АТГ, ОБЕГ, ШШГЕГ зэрэг байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн хуулийн тавдугаар зүйлд заасны дагуу цэргийн тэтгэвэр нь улсын төсвөөс санхүүждэг бөгөөд жил бүрийн төсөвт цэргийн алба хаагчдын тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг баталдаг. 2018 оны байдлаар 17.8 мянган цэргийн алба хаагчийн тэтгэвэрт 122.9 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ онд 18 мянган тэтгэвэр авагчид улсын төсвөөс 130.5 тэрбум төгрөг зарцуулна. Оны эхний 10 сарын байдлаар нийтдээ 18.6 мянган цэргийн алба хаагчийн тэтгэвэрт 115.6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

-Нийгмийн даатгалын хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг ирэх оноос мөрдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж чадсан уу?

-2020 оноос Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр орсон хүүхдээ гурван нас хүртэлх хугацаанд асрах чөлөөтэй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, сайн дурын хэлбэрээр нийгмийн даатгалд даатгуулсан эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, хуулиар тогтоосон нөхцөл, болзлыг хангасан даатгуулагч эхэд хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эхийн шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэх зэрэг зохицуулалтаас гадна малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай бие даасан хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэмж шаардагдах төсвийн эх үүсвэр Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа. Өдгөө УИХ хэлэлцэж байна.

-Хууль хэрэгжихээр малчид гээд зарим зорилтот бүлэг нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө. Төсөвт тэдний тэтгэврийг тогтоосны дараа өгөх мөнгө бий болов уу?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах бөгөөд 1995-2019 оны хооронд төлж чадаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдэх юм. Ийнхүү шимтгэлээ төлснөөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн нас, нийт шимтгэл төлсөн байвал зохих хугацаа, үүнээс малчнаар ажиллан шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах боломж бүрдэнэ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд мөн тусгасан.

эх сурвалж: http://unuudur.mn/