Сонгинохайрхан дүүргийн ИТХ 100 төлөөлөгчтэйгээр анхны хуралдаанаа хийж, 1992 оны 10 сарын 1-ний өдрийн тогтоолоор албан ёсоор байгуулагдсан. 

Монголын эртний судар бичигт Сонгинохайрхан уулыг ид шидтэй, онгон дархан уул болох тухай сонирхолтой домог яриа бичигдсэн байдаг.

Сонгинохайрхан дүүрэг 120,1 га нутаг дэвсгэртэй. Нийслэлийн баруун жигүүрт Баянгол дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сумдтай хил залган оршдог. Монгол Улсын нийт хүн амын 11.6 хувь, Нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь, орон сууцны хорооллын 27.1 хувь, гэр хорооллын 72.9 хувь тус дүүрэгт байдаг.

Засаг захиргааны анхан шатны нэгж 43 хороотой. Орон сууцны 12 хороо, гэр хорооллын 22 хороо, холимог 9 хороо оршдог. Нийт 335.703 хүн амтай бөгөөд 94132 өрхтэй юм.

Дүүргийн газар нутгийн 77 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 20 хувийг ойн сав бүхий газар, 3 хувийг зам шугам сүлжээ, барилгажсан газар тус тус эзэлдэг.

Дүүргийн хэмжээнд 83687 толгой малтай. Үүнээс тэмээ 23, үхэр 26764, адуу 13926, хонь 20917, ямаа 22057 толгой малтай байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийт үйл ажиллагаа явуулж байгаа  25865 аж ахуйн нэгж, байгууллагууд байдаг.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг Улсын хэмжээний томоохон “Сүү” ХХК, “Талх чихэр” ХХК, “Алтан тариа” ХХК, “Мах импекс” ХХК, “Тесо” ХХК, “Милл хаус” ХХК, “Арвайн үндэс” ХХК зэрэг үйлдвэр, барилгын материалын “Хангай” зах, тоосгоны үйлдвэр болон хүнс худалдаа, үйлчилгээний 12500 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн төв, салбар 2 амбулатори, Нэгдсэн эмнэлэг, салбар 1 амбулатори, 26 өрхийн эрүүл мэндийн төвүүд болон нийт 31 нэгжид 706 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд дүүргийн 342 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэж байна.

2023 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн 64851 суралцагч сурч байна.

2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 65, төрийн бус өмчийн 49, нийт 112 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 24202 хүүхэд хүмүүжиж байна.

Гадаад харилцааны хувьд Япон улсын Изүнокүни хот, Күмамото хот, БНСУ-ын Пурён хот, Нонсан хот, Тэжон хотын Согү дүүрэг, Тэ-Ан хот, Кангбук дүүрэг, БНХАУ-ын Хөх хот, Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүрэг, Хянган аймгийн Рашаан хот, Шилийн гол аймаг, Тайвань улсын Тайпэй хот, Турк улсын Истанбул хотын Шишли дүүрэг, Канад улс, Норвеги улс, Швейцарийн Холбооны Улс болон Австрали улсын Swarck, БНСУ-ын WECA, HAATZ, Япон улсын “OISCO international” зэрэг олон улсын байгууллагуудтай боловсрол-спорт, соёл-аялал жуулчлал, эдийн засаг, эрүүл мэндийн салбаруудад хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Нийгмийн салбарт хамтран ажилладаг олон улсын байгууллагууд: “Дэлхийн зөн”, “Гүүд нейборс”, “Сараанбат”, “Asian Frontier” 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР