Дүүргийн хэмжээнд шилэн дансны үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийн шалгалт эхэллээ

     Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү эдийн засгийн хорооны дарга Э.Батболдын баталсан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний харъяа болон төсвийн байгууллагуудын 2019 оны 4, 5 дугаар сарын шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл байршуулсан байдалд хяналт тавьж ажиллах дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсвийн зарлага, хяналтын дэд хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийн удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан явуулж байна.

     Хяналт шалгалтаар дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний болон харъяа байгууллагуудад 2018 онд Нийслэл дэх Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайлан болон 2019 оны 1 дугаар улирлын байдлаарх Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцон ажилласан байдалтай танилцах, 2019 оны 4, 5 дугаар сарын шилэн дансанд мэдээлэл байршуулсан байдалд хяналт шалгалт хийж шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагуудын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтнуудтай уулзалт, ярилцлага хэлбэрээр санал бодлоо солилцоно.

    Шилэн дансны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үнэлэлт, дүгнэлтийг Хурлын дэргэдэх Төсөв, санхүү эдийн засгийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний төсөл боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулна.