Сар шинээр настан буурлуудаа өргөн хүндэлдэг монгол уламжлал ёсоор төр засаг, албан байгууллагууд ахмад настнуудаа хүлээн  авдаг жишиг нэгэнт тогтсон билээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд Засаг даргын тамгын газар болон дүүрэгтээ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өчигдөр буюу пүрэв гаригт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

Ахмад үеэ хүндлэн өргөх нь монголын ёс, мөн залуучууд бидний уламжлан залгаж, өвлүүлэн үлдээх эрхэм үүрэг гэж би хувьдаа ойлгодог. Аав ээж,  ахмад буурлуудаа үл ойшоогч нэгний амьдрал алсуураа өөдөлдөггүй юм шиг санагддаг юм гэж Засаг дарга М.Чинболд хэлсэн үгэндээ онцлоод сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан П.Самдан, 1-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан Д.Польхүү нар ахмадуудаа төлөөлөн талархал илэрхийлж, дүүргийн шинэ удирдлагын багт ажлын амжилт хүссэн юм.

Энэ дашрамд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ болон Монголынхоо нийт ард иргэдэд  XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан Могой жилийн хаврын тэргүүн сар шинийн мэндийг уламжлан торгон үгээр ерөөл өргөж, тостой сэтгэлээр хөөрөг зөрүүлж, өтгөс буурлуудаа хүндлэн дээдэлж, ураг төрлөөрөө мэндлэн золгож сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.