Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар 8 дугаар сарын 20-ны өдөр “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн 74 дүгээр сургуулийн дотуур байрны их засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд тусгаснаар тус сургуулийн дотуур байрыг 153 сая төгрөгөөр засварлах юм.

 

Япон улсын Засгийн газраас манай улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад талархаж, цаашид хамтран ажиллахдаа таатай байгаагаа дүүргийн Засаг дарга М.Чинболд энэ үеэр илэрхийллээ.