УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг УИХ-д Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар нарын  3 төлөөлөлтэй. Энэ долоо хоногоос буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар  дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийхээр боллоо. 10 гаруй хоногийн турш үргэлжилж дүүргийнхээ нийт 32 хороогоор тойрох энэхүү уулзалтуудаар гишүүд маань иргэддээ өнгөрсөн хугацаанд хийсэн болон одоо хийж байгаа ажлаа танилцуулж мөн иргэдийнхээ санаа бодлыг сонсон, тэдний санал хүсэлт санаачлагыг цаашдын ажилдаа тусгахыг зорилго болгож байгаа юм.

 

Д.Тэрбишдагва Шадар сайдын ажлын ачааллын улмаас тойрогтоо ажиллахаа хэд хоногоор хойшлуулаад байна.

Иргэдийн хувьд өөрсдийг нь төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж санал бодлоо хэлж, дүүргийн хөгжил, төрийн ажилд хэрэг болохуйц санаачлагаа дамжуулах сайхан боломж нь энэхүү уулзалтууд байдаг. Мөн нөгөөтэйгүүр дүүргийн удирдлагууд, харъяа хэлтсүүдийн дарга нар, албан хаагчид эрхэм гишүүдийн хамт уулзалтад ирж байгаа учир иргэд аливаа тулгамдсан асуудлаа шийдвэр гаргах түвшинд танилцуулж, газар дээр нь хариу авах  боломжтой байгаа юм.

Удахгүй Их хурлын чуулган эхэлнэ. Ийнхүү иргэд сонгогчидтойгоо уулзан, тойрогтоо ажилласнаар эрхэм гишүүд маань ирэх чуулганаар дүүрэг, тойргийнхоо сонгогчдын саналыг төрийн ажилд тусгуулан нийт Монголын иргэдийн эрх  ашигт нийцсэн олон хууль төсөл санаачлан идэвхи зүтгэлтэй ажиллах бизээ.