Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М. Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг 2023 онд Нийслэл хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалт хот нийтийн аж ахуйн ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2023.01.27/ ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Энэ талаарх танилцуулга мэдээлэл болон хот нийтийн аж ахуйн тохижилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нийт удирдлагуудад хүргэв. Танилцуулгын дараа удирдлагууд холбогдох хэлтэс, тасгийн үйл ажиллагаатай холбоотой хөндөгдөж буй асуудлуудыг асуулт, хариулт хэлбэрээр ярилцаж, санал солилцлоо.
Мөн хурлын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М. Баяраа Нийслэлийн өвөлжилтийн байдал, энэ онд хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын танилцуулга, мэдээлэл хийлээ. Уулзалтын дараа дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа хог ангилан ялгах төслийн үйл ажиллагаатай танилцаж Нарангийн энгэрийн төвлөрсөн цэг дээр байгуулагдаж байгаа хог ангилан ялгах үйлдвэрт ажиллах юм.