Дулаанаа шалны халаалтаар шийдсэн, зориулалтын агааржуулалтын систем бүхий өвлийн хүлэмжин дэх анхны эко гэр цэцэрлэгийн бүлэг Сонгинохайрхан дүүрэгт үүд хаалгаа нээлээ.

Нийт 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Ханын материалын эцэст байрладаг 84 дүгээр цэцэрлэг ийнхүү дэргэдээ эко гэр цэцэрлэгийн бүлэгтэй болж байна. Ингэснээр дахин 25 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломж бүрджээ.

Уг эко гэр цэцэрлэгийн бүлгийг дүүрийн Засаг даргын Тамгын газар, “Ulaanbaatar peace avenue rotary” клуб, “Эко ногоолин” төрийн бус байгууллага хамтран байгуулсан.

Энэхүү цэцэрлэг нь эко гэдгээрээ анхдагч бөгөөд эко цэцэрлэг байрлаж буй хүлэмжинд өвөл, зуны аль ч улиралд ногоо тарих боломжтой нь хүүхдүүдэд экологийн боловсролтой болох танин мэдэхүйн ач холбогдолтой. Гэр цэцэрлэг учраас урлаг, спортын  заалгүй ч хүлэмжин доторх талбайг ашиглан биеийн тамирын  дасгал  хөдөлгөөн хийх талбай гаргаж өгчээ.

Нээлтийн үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Хэдийгээр нийслэлд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа ч хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох бүхий л боломжийг ашиглах нь зөв. Энэ бүлгийг байгуулснаар 25 хүүхэд ч болов гэртээ биш, цэцэрлэгт хүмүүжих боломж нээгдэж байна” гэсэн юм.

Уг цэцэрлэгийг нийт 20 орчим сая төгрөгөөр барьсан бөгөөд дүүргийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн. Санхүүжилтийг “Ulaanbaatar  peace avenue rotary” клуб гаргасан бөгөөд бусад улсын ротари клубийн зүгээс ирсэн хандив дийлэнхийг нь бүрдүүлсэн байна.