/Төсөл/

Нэг. Нийтлэг зүйлс

1.1 Нэр томъёоны тайлбар

А. Хорооны иргэн

тухайн  хороонд 1 жилээс дээш хугацаагаар байнга оршин сууж байгаа, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, 18 нас хүрсэн, Монгол улсын иргэд.

 

Б. Хорооны оршин суугч

Тухайн  хороонд оршин суудаг, иргэний бүртгэлтэй, 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн боловч 1 жилээс бага хугацаагаар оршин сууж байгаа иргэд болон гадаадын оршн харьяатууд

В.  Хорооны ИНХ-ын ээлжит хуралдаан

Тухайн  хорооны жилийн эцсийн тайлангийн болон дараа оны ажлын болон төсвийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах хуралдаанууд

Г.  Хорооны ИНХ-ын ээлжит бус хуралдаан Дээр зааснаас бусад энэ дүрмээр товыг нь тодорхой зааж өгөөгүй бусад хурлууд

Д.  Хорооны ИНХ-ын шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа

 Хорооны ИНХ-н дүрэм болон сум, дүүргийн дүрэм, Орон нутгийн хөгжлийн сангийн журам зэрэг дүрэм журмуудаар тогтоосон ИНХ-ын шийдвэр хүчинтэй болох хугацаа.

Е. Эсэргүүцэх эрх

 Хорооны ИНХ-ын шийдвэрийг эсэргүүцэх иргэн бүрийн эрх. Хэн нэгэн иргэн өөрийн оршин суудаг  хорооны ИНХ-аас гаргасан ямарваа нэг шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол эсэргүүцлээ бусад иргэдээр дэмжүүлэн тэдний гарын үсгээр баталгаажуулан өргөн барих эрх.

Ё. Нийтийн санал хураалт (референдум)

 Хорооны ИНХ-ын шийдвэрийг өөрчлөх эсвэл баталгаажуулах зорилгоор тухайн  хорооны нийт иргэдийн дунд зохион байгуулах санал хураалт

1.2  Хорооны ИНХ

Хорооны ИНХ бол Монгол улсын үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, гуравдугаар зүйлийн нэгд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ. ” хэмээн тогтоосны дагуу ард иргэд нийтээр улс орноо удирдах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд, тэгш оролцох бололцоог бүрдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулиар тогтоогдсон иргэний байгууллага мөн.

1.3  Хорооны ИНХ-ын зорилго, гүйцэтгэх үүрэг

Монгол улсын үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг, жаран хоёрдугаар зүйлийн нэгд “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, сум, дүүрэг,  хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсний дагуу орон нутгийн чанартай асуудлыг шийдэх болон төрийн эрхийг барих үйл хэрэгт ард түмний оролцох оролцоог зохион байгуулах явдал бол  хорооны ИНХ-ын үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг функц нь болно. Мөн Монгол улсын төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн тухай заалтад заасны дагуу улсын төсвөөс орон нутагт хуваарилагдсан хөрөнгийг захиран зарцуулах ажлыг олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах явдал нь хорооны ИНХ-ын үндсэн үүрэг мөн.

1.4  Хорооны ИНХ-ын үйл ажиллагааны үндсэн зарчим

 Хорооны ИНХ нь үйл ажиллагаандаа ардчилсан, нээлттэй, ил тод, намч бус, шударга байдлыг баримтлан ажиллана. Хорооны ИНХ нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллана.  Хорооны ИНХ-аар нэгэнт хэлэлцэн тогтсон аливаа шийдвэр нь тухайн  хорооны оршин суугчид иргэдийн хувьд заавал дагаж мөрдвөл зохих хууль мөн. Энэ заалт тухайн  хороонд амьдаран  суудаггүй боловч тухайн  хороонд газар өмчилдөг, ажил эрхэлдэг бүх хүнд мөн адил үйлчилнэ.

1.5  Хорооны ИНХ-аар хэлэлцэх асуудал

 Хорооныхоо иргэдийн амьдрал, аж ахуйд хамаарах аливаа бүх асуудлаас гадна хуулиар Монгол Улсын Их Хурал болон дээд шатны нэгжийн бүрэн эрхэд харьяалуулснаас бусад бүх асуудлыг  хорооны ИНХ-аар хэлэлцэн шийдвэр гаргаж болно.  Хорооны ИНХ-ын эн тэргүүнд хэлэлцэж шийдэх ёстой асуудал бол:

·         Сумын дүрэм

·         Хорооны ИНХ-ын дүрэм

·         Иргэдэд нийтийн зар мэдээг хүргэх журам

·         Орон нутгийн хөгжлийн сангийн журам

·          Хороо, сум дүүрэг, аймаг, хотын хөгжлийн богино, дунд, урт хугацааны хөтөлбөр төлөвлөгөө

·          Хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээ, барьж байгуулах нийтийн хэрэгцээний барилга обьект, худалдан авах бараа үйлчилгээ.

·         Тухайн хорооны нутаг дэвсгэрт нийтийн ариун цэвэр, дэг журам тогтоох сахиулахтай холбоотой асуудлууд болно.

Шүүхийн шийдвэрийг  хорооны ИНХ-аар дахин хэлэлцэж шийдвэр гаргахгүй.

1.6  Хорооны ИНХ-д оролцогчид

Тухайн  хороонд амьдран суудаг, Монгол улсын эрх зүйн чадамж бүхий иргэн бүр  хорооны ИНХ-д санал шүүмжлэл гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэйгээр оролцох эрхтэй. Иргэн бүр бүгд ижил саналын нэг эрхтэй.

Хоёр:  Хорооны ИНХ-ын тов, хуралдаан болон газар, хурлын зар, хэлэлцэх асуудлын жагсаалт

2.1 Хорооны ИНХ-ын тов

Хорооны ИНХ-ын жил бүрийн тайлангийн хуралдаан нь жил бүрийн 1-р сарын 3 дахь Бямба гарагийн 09:00 цагаас эхлэн хуралдана.  Хорооны ИНХ-ын дараа оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх хуралдаан нь жил бүрийн 6-р сарын 3 дахь Бямба гарагийн 09:00 цагаас эхлэн хуралдана. Ээлжит бус хуралдааны товыг тухайн  хорооны засаг дарга товлон зарлаж хуралдуулна. Хорооны иргэдийн 10 хувь гарын үсэг зуран шаардсан бол ээлжит бус хуралдааныг хуралдуулна. Харьяалах сум, дүүргийн удирдлагын шаардсаны дагуу хорооны ИНХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

2.2  Хорооны  ИНХ-ын хуралдах газар

Хорооны ИНХ-ын хуралдааныг тухайн  хорооны нутаг дэвсгэрт, тийм боломж байхгүй бол тухайн  хорооны иргэд оролцох боломжтой газарт зохион байгуулна. Хурал болох заал танхим нь хуралд оролцхыг хүсэж байгаа бүх хүн оролцож болохуйц багтаамжтай байвал зохино.

2.3 Хорооны ИНХ-ын хурлын зар

Хорооны ИНХ-ын хурлын зарыг хурал болохоос 2 долоо хоногийн өмнө “Нийтийн зар мэдээг олон нийтэд хүргэх журам”-ын дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт тухайн хорооны нийт иргэд болон холбогдох бусад бүх этгээдэд хүргэх ажиллагааг тухайн  хорооны Засаг дарга хариуцан зоахион байгуулна.

2.4 Хорооны ИНХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт

Хорооны ИНХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтыг тухайн хорооны Засаг дарга хариуцан гаргах бөгөөд тухайн хорооны иргэдийн 10 хувийн гарын үсгээр баталгаажуулсан саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад заавал оруулна. Хорооны ИНХ-ын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад дараах асуудлууд заавал орсон байна. Үүнд:

 

1.    Тайлангийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад

А. ЗД-ын жилийн ажлын тайлан

Б. Жилийн санхүүгийн гүйцэтгэлийн тайлан

В. Хэрэгжиж байгаа төслүүдийн явцын болон гүйцэтгэлийн тайлан

Г. Бусад

     2.  Ирэх онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх хурлын хэлэлцэх асуудлын  жагсаалтад

              а. Санхүүгийн ерөнхий боломжийн тухай захиргааны танилцуулга

              б. Богино, дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, түүнд оруулах нэмэлт  өөрчлөлт

              в. Хийж гүйцэтгэх болон худалдан авбал зохих зүйлсийн тухай. Иргэдээс  гарсан саналууд

              г. Хийж гүйцэтгэх болон худалдан авбал зохих зүйлсийн тухай захиргааны  санал

д. Нийт саналуудыг эрэмбэлэх санал хураалт

е. Бусад

Гурав: Хорооны ИНХ-ын хуралдаан, хуралдааны шийдвэр

3.1 Хорооны ИНХ-ын ирц, хурлын хүчин төгөлдөр байдал

“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 23-р зүйлийн 10-т заасны дагуу  хорооны ИНХ-д тухайн  хорооны 4 өрх тутмаас 1 иргэн оролцож байгаа тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

3.2 Хорооны ИНХ-ын хуралдааны дарга, протокол

Хурлын  хорооны ИНХ-ын дарга даргалж нарийн бичгийн дарга нар протокол хөтөлнө. Протокол хөтлөх нарийн бичгийн дарга нарыг хурлаас сонгоно. Хуралдааны нарийн бичгийн дарга бүрийн хөтөлсөн тэмдэглэлийг хуралд оролцогчдод танилцуулан протоколыг  хорооны нийт иргэдэд нээлттэй байлгана.

3.3 Хорооны ИНХ-ын хуралд оролцогчдын эрх ба үүрэг

Хорооны ИНХ-д оролцогчид нь хуралдааны  үйл ажиллагаандаа тэгш эрхтэйгээр оролцох эрх, үүрэгтэй бөгөөд хурлаас баталсан дэгийн дагуу хурал даргалагчийн удирдлагад захирагдах үүрэгтэй. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбогдуулан асуулт асуух, хариулт авах, үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх, тодорхой асуудлыг дэмжих эсвэл эсэргүүцхийг бусад оролцогчоос уриалах эрхийг хуралд оролцогч бүр адил тэгш эдэлнэ. Үүний зэрэгцээ хурлын дэг, хурал даргалагчид захирагдан сахилгатай, бусдыг хүндэтгэн, соёлтой оролцох үүргийг бүгд адил тэгш биелүүлнэ.

3.4 Хорооны ИНХ-ын шийдвэр

Хорооны ИНХ-ын шийдвэр нь хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно. Саналыг илээр хураана. ИНХ-ын шийдвэр нь тухайн  хорооны харьяалагдах сум дүүргийн дүрмийн дагуу гарсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ.

3.5 Хорооны ИНХ-ын шийдвэрийг эсэргүүцэх эрх

Энэ хугацаанд хорооны ИНХ-ын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа иргэд тухайн  хорооны иргэдийн 10 хувийн гарын үсгийг цуглуулсан бол шийдвэрийг 2 долоо хоногт багтаан дахин хэлэлцэнэ.

 

3.6 Хорооны иргэдийн нийтийн санал хураалт

Хорооны ИНХ-ын шийдвэрийг тухайн  хорооны нийт иргэдийн гуравны нэг нь эсэргүүцэж байгаагаа гарын үсгээрээ баталгаажуулан илэрхийлсэн бол Засаг дарга 4 долоо хоногт багтаан нийтийн санал хураалт зохион байгуулах үүрэгтэй. Нийтийн санал хураалтаар гарсан шийдвэр нь эцсийн шийдвэр байна. Нийтийн санал хураалтаар шийдсэн асуудлыг 2 жил дахин хөндөхийг хориглоно. Дараах асуудлуудаар нийтийн санал хураалт явуулахгүй. Үүнд:

А. Аж ахуйн гэрээгээр бусдад төлөх ёстой өр төлбөрийг хүчингүй болгох асуудал

Б. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бусдад төлөх ёстой санхүүгийн болон бусад хариуцлага

В. Монгол Улсын хуулиар нэгэнт шийдсэн асуудлууд.