Төсөл

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1Энэхүү журмаар Сонгинохайрхан ....................дүүргийн......-р  хорооны нийтийн зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Нэр томьёо

 

2.1Нийтийн зар мэдээ” гэж иргэний улс төр, эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэнийг оролцуулах, төрийн үйл ажиллагааг нээлттэй,хяналттай болгоход чиглэсэн төрийн байгууллага, төсвийн болон нийтийн зориулалттай хөрөнгө, баялгийг хуваарилах, захиран зарцуулах үүрэг бүхий нийт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас гаргасан зар мэдээллийг хэлнэ.

2.1.1.Зар мэдээ гэдэг нь богино хэлбэрийн, тодорхой хугацаатай мэдээлэл.

2.1.2.Мэдээлэл гэдэг нь хууль тогтоомж, захирамж,журам, төсөл, хөтөлбөр г.м удаан хугацаанд үйлчлэх, хэмжээ ихтэй мэдээлэл

2.1.3.Нийтийн үйлчилгээний тухай мэдээ, мэдээлэл

Нийтийн зар мэдээ, мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа нийт иргэдэд түгээх, хүргэх ажлыг зохион байгуулах, зар мэдээний ажилтныг нэр заан хариуцуулж, мэдээ, мэдээлэл хүрсэн эсэхэд хяналт тогтоох эцсийн хариуцлагыг ……… дүүрэг, хорооны Засаг дарга нарт дүүргийн ИТХ-аас албан ёсоор үүрэгдэнэ.

Мэдээллийг түгээхдээ захиргааны болон Засаг даргын хүрээллийнхэн, ИТХ-д олон суудалтай намын гишүүд болон байгууллага, бусад өөрийн нөлөөллийн иргэдэд нэн тэргүүнд хүртээж, бусад иргэдэд хугацаа өнгөрсний хойно хүргэх мэтээр хугацааны хувьд ялгаварлан гадуурхах, мөн мэдээлэл хүлээн авагчдыг намын гишүүнчлэл зэрэг шалгуураар алагчлан хүргэхийг хориглоно. Өөрт ашигтай гэж үзсэн мэдээллийг нуун дарагдуулж журмын энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд иргэд ИТХ-д болон “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийн дагуу гомдол гаргах эрхтэй.

2.2”Эдийн засгийн мэдээлэл” гэж төсөв, тендер, газар, ус, ой, сан, нэрэмжит болгон оноосон нэрээр зарласан жилийн төслүүдийн санхүүжилт, зээл, бизнесийн ашигт малтмалын лиценз зөвшөөрөл, гадаад ба дотоодын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, УИХ-ын гишүүний тойрогт хуваарилсан мөнгө, хөрөнгө оруулалт, ИТХ, Нийслэл, Дүүргийн ЗДТГ болон Засаг даргаас тарааж буй халамжийн бүхий л төрлийн тусламж, хөрөнгө мөнгө, түүний хуваарилалт, тоо хэмжээ, тайлан, худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг хэлнэ. Эдийн засгийн мэдээллийг иргэдэд албан ёсоор зайлшгүй хүргэх шаардлагатай.

2.3  “Хурлын мэдээлэл” гэж Хорооны Иргэдийн Нийтийн болон дүүргийн Төлөөлөгчдийн хурал, нээлттэй сонсгол, УИХ-ын гишүүн болон Нийслэл,дүүргээс  сонгогдсон улс төрийн албан хаагчийн тайлан сонсох цуглаан, ЗДТГ-ын хурал, сонсгол, хэлэлцүүлэх асуудлын жагсаалт, төсөл, хурлын шийдвэр г.м зар мэдээг хэлнэ.Хурлын мэдээллийг иргэдэд албан ёсоор зайлшгүй хүргэх шаардлагатай.

2.4 “Хууль тогтоомжийн мэдээлэл” гэж хууль, журам, төрийн байгууллагын тогтоол шийдвэр, тэдгээрийг тайлбарлан таниулсан материал, хууль тогтоомжийн төсөл, санал асуулга, шүүхийн мэдээлэл, цагдаа, онцгой байдлын алба, байгал орчны алба, мэргэжлийн хяналтын алба зэрэг хууль хэрэгжүүлэгч агентлагийн гаргасан, мэдэгдэл, тайлан сануулгыг хэлнэ. Тухайн орон нутагт хамааралтай хэсгийг заавал мэдээлэх шаардлагатай.

2.5 “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл”  гэж цахилгаан зам харилцаа, дулаан, ус, бэлчээр, хог хаягдал, тохижилт гэрэлтүүлэг, өрхийн болон улсын эмнэлгийн эмчилгээ, оношлогооны үнэ тариф зэрэг нийтийн аюулгүй тав тухтай орчныг хангахад шаардлагатай бусад асуудлаар гаргасан мэдээллийг хэлнэ. Тухайн орон нутагт хамааралтай болон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа үнэ тарифийн мэдээллийг иргэдэд зайлшгүй хүргэх ангилалд оруулан түгээх хэрэгтэй. Мөн орон нутгийн ба төрийн, төрийн бус байгуулагуудын хаяг, холбоо барих утас, цахим хаяг зэрэг мэдээллийг товхимол хэлбэрээр гаргаж байх, Төрийн үйлчилгээний байгууллагуудад хандахад ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдээлэл өгөх, шинэчлэгдсэн мэдээллийг тухай бүрт нь иргэдэд хүргэж байх үүрэгтэй. Гал команд, хэсгийн цагдан сэргийлэх, түргэн тусламжийн хаяг, холбоо барих утасны дугаар, 24 цагийн ажиллагаатай эмийн сангуудын утасны дугаар, хаяг, холбоо барих хүний хаягийг олон нийтийн газар байрлуулж байх.

2.6  “Өнгөний түлхүүр” гэж нийтийн зар мэдээний сонирхогч талуудын анхааралд шуурхай хүргэх зориулалтаар тодорхой сэдвийн дагуу өнгөөр ялган хэвлэн нийтлэх, өнгөөр ялгасан зарын самбарт байрлуулах, өнгөөр ялгасан үг үсэг хэрэглэх зэргээр тодотгох арга хэлбэрийг хэрэглэнэ. Өнгөний түлхүүр мэдээлэл хүргэх хугацаа, иргэдэд заавал дуулгах ёстой орон нутгийн чанартай болон төрийн мэдээллийн агуулга, төрөлтэй уялдуулан тухайн орон нутгийн ИТХ, ИНХ-аас иргэдэд ойлгуулан тайлбарлана.

Гурав. Нийтийн зар мэдээ бэлтгэх, гаргах

3.1 Нийтийн зар мэдээ, мэдээллийн агуулга бүтцийг бэлтгэх ажлыг дараах субъект хариуцах ба мэдээллийг түгээх ажлыг хорооны засаг дарга хариуцан зохион байгуулна.

Үүнд:

3.1.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Хорооны иргэдийн нийтийн хурал, тэдгээрийн олон нийттэй харилцах алба

3.1.2 Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

3.1.3 Дүүрэг, Хорооны засаг дарга, түүний тамгын газрын зар мэдээ хариуцсан ажилтан,тухайн ажилтныг ОНХА-ны бүтцээс нэр заан томилох

3.1.4 Дүүрэг, хорооны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн бүх байгууллага, түүний ОНХА

3.1.5 Улс, нийслэл, дүүрэг, хорооны төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ОНХА

3.1.6 Дүүргийн ИТХ, ЗДТГ, Хорооны ИНХ, ЗДТГ-тай хамтран үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын ашгийн төлөө бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн нэгж, тэдгээрийн ОНХА

3.1.7 Дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, түүний ОНХА

3.1.8 Хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга нар, тэдгээрийн олон нийттэй харилцах алба

3.1.9 Нийтийн эрх ашгийн төлөө орон нутгийн захиргаанд хүсэлт тавих, хуулийн байгууллагад гомдол гаргах санаачлага гаргаж, хорооны иргэдийн дэмжлэгийг бичгээр болон ИНХ-ын шийдвэрээр авсан төрийн бус байгууллага, хоршоо, хорооны иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага

            3.2 Нийтийн зар мэдээг дараах хэлбэрийн аль нэгээр буюу хослуулсан хэлбэрээр гаргана. Үүнд:

 3.2.1 Хэвлэмэл хуудас

3.2.2 Нийтийн зар мэдээний самбар

3.2.3 Орон нутгийн төв хэвлэл болон улсын хэмжээний өдөр тутмын сонины зар

3.2.4 Цахим хуудас

3.2.5 Гар утасны мессеж

3.2.6  Радио, fm-ээр зар

            3.2.7 Телевизийн зар

            3.2.8 Товхимол 

3.2.9 Аман зар буюу иргэдтэй уулзаж, эсвэл гар утас, суурийн утсаар албан ёсоор тайлбарлан таниулсан, дамжуулсан зар мэдээ, мэдээлэл

3.2.10 Цахим захидал

            3.2.11 Захидал

            3.2.12 CD, DVD, видео дүрс бичлэг хэлбэрт оруулсан тайлбар мэдээлэл

3.3  Нийтийн зар мэдээг 3.2-т дурдсан хэлбэрүүдээс алийг  нь сонгох түгээх эсэхээ дараах шаардлагыг харгалзан шийдвэрлэнэ. Үүнд:

3.3.1 Хорооны нийт иргэдэд хүртээмжтэй байх

3.3.2 Шийдвэрлэх асуудалтай иргэд цаг хугацааны хувьд болон утга агуулгын хувьд бүрэн ойлгож танилцах боломжтой байх

3.3.3 Зар мэдээ, мэдээлэл хангалттай хугацааны өмнө хүмүүст хүрсэн байх

3.3.4 Тухайн асуудалд шууд холбоотой, эвсэл эрх ашиг нь хохирч болзошгүй иргэдэд мэдээллийг нэн түрүүнд хүргэсэн байх

3.4 Дараах зар мэдээ, мэдээллийг нийтийн зар мэдээнд хамруулахгүй.

Үүнд:

3.4.1 Аж ахуйн нэгж, иргэний бизнес үйл ажиллагааны зар мэдээ

3.4.2 Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчийг ил болон далд сурталчилсан, түүнтэй холбоотой бусад зар мэдээ

3.4.3 Нутгийн зөвлөлийн удирдлага сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн бол нутгийн зөвлөлийн зар мэдээллийг нэг жил хүртэлх хугацаагаар

3.5 Нийтийн зар мэдээг 3.2.1, 3.2.2, 3.2.4, 3.2.10 хэлбэрээр гаргасан бол дараах өнгөний түлхүүрийг  заавал хэрэглэнэ. Үүнд:

3.5.1 Эдийн засгийн мэдээллийг улаан өнгөөр

3.5.2 Хурлын мэдээллийг цэнхэр өнгөөр

3.5.3 Хууль тогтоомжийн мэдээллийг шар өнгөөр

3.5.4 Нийтийн хэрглээний тухай мэдээллийг цагаан өнгөөр тус тус ялгана. Өнгөний түлхүүр ямар утгатай болохыг иргэдэд ИТХ, ЗДТГ-ын зүгээс тайлбарлан таниулах үүрэг хүлээнэ.

Дөрөв. Нийтийн зар мэдээ, мэдээлэл түгээх

4.1 Төрөөс баталсан хууль тогтоомж, журам, дэг, шинээр өргөн баригдах гэж байгаа хуулийн төсөлд иргэдээс санал авах тухай болон иргэд хэрхэн санал өгөх талаарх мэдээллүүд, нийт хөтөлбөрүүд,эдийн засгийн мэдээ, мэдээллийг орон нутагт түгээх ажлыг дүүргийн Засаг дарга хариуцан нийт иргэдэд ойлгуулан хүргэх ажлыг зохион байгуулна.

4.2 Дээрх мэдээ, мэдээллээс орон нутагт шууд хамааралтай зар мэдээ, мэдээллийн эхийг дүүрэг, хорооны ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанд бэлтгэж, тус мэдээллийг зарлуулж буй этгээд мэдээллийг хэвлэх, байрлуулах цэгүүдэд хүргэж өгч зарлуулна. Мэдээллийн утга агуулгыг алдагдуулсан, хугацаандаа багтаан гаргах эсэхийг зарлуулсан этгээд, мэдээний эхийг бэлтгэсэн этгээдтэй хамтран хянаж баталгаажуулах үүрэгтэй.

4.3 Нийтийн зар мэдээний эхийг энэхүү журмын 4.1 дэх заалтын дагуу хүлээж авахдаа О.Н.Х.А нь зарыг зарлуулах хэлбэр,давтамж, хугацаа зэргийг энэхүү журмын нэгдүгээр хавсралт дахь маягтын дагуу бүртгэж зар мэдээллийг хүргэх өртгийг тооцож гаргана.

4.4 Хорооны ЗДТГ-ын О.Н.Х.А өөрийн төсвөөс хэтэрсэн зардал шаардагдах аливаа зар мэдээллийг олон нийтэд хүргэхдээ зарлуулагчаас санхүүгийн дэмжлэг хүсэж болно.

4.5Хорооны хэмжээнд сар бүрийн хоёрдугаар долоо хоногийн Даваа гаргаас ням гараг хүртэл хугацаанд өрхөд нэг удаа зар хүргэх үйлчилгээг хорооны ЗДТГ-ын О.Н.Х.А явуулна. Энэхүү зарын зар хүргэх үйлчилгээний хүрээнд нийтийн зар мэдээг бичгээр, амаар, кино бичлэг хэлбэрийг ашиглан хүргэнэ.

 4.6 Дүүрэг хорооны төв байр, сургууль, цэцэрлэг, ЗДТГ болон бусад улсын төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, улсын төсвийн хөрөнгийг түгээх, хуваарилах үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гадна ба дотор талд, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээний байр, хороодын хурлын байрны гадна ба дотор талд тус тус нийтийн зар байрлуулах самбар байлгана.

4.7 Энэхүү журмын 4.5-д заасан нийтийн зарын самбар нь ... см урттай, ... см өргөнтэй байх ба самбарын доод талыг шалнаас ... см-т байрлуулна. Энэхүү зарын самбарт ойролцоо ханын тавцан, эсхүл ширээ байрлуулж, зарыг бичиж авах бололцоогоор хангана.

4.8Дүүрэг, Хорооны нийтийн зар түгээх ажлыг хариуцах албаны орон тоо, төсвийг дүүргийн төсөвт багтаан дүүргийн ИТХ, Хорооны ИНХ-аар батална.

4.9 Доорх олон нийтэд зарлагдсан зараас нэг хувийг дүүргийн нийтийн номын санд нээлттэй байлгаж, нэг хувийг дүүргийн архивт заавал хадгална. Үүнд:

4.9.1 Хорооны төсвийн төсөл

4.9.2 Хорооны төсөв хэлэлцсэн хурлын протокол

4.9.3 Хорооны хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, төсөвтэй холбоотой санал асуулгын дүн

4.9.4 Хорооны батлагдсан төсөв

4.9.5 Дүүрэг, Хорооны төсвийн тодотголтой холбоотой төсөл, шийдвэрүүд

4.9.6 Дүүрэг, Хорооны  хот төлөвлөлтийн төлөвлөгөө

4.9.7 Дүүрэг, Хорооны газар, ус, ой, бэлчээр, зам гүүртэй холбоотой аливаа зар мэдээлэл

4.9.8 Дүүрэг, Хорооны хүн ам, өмч хөрөнгө, болон мал тооллогын тухай мэдээ, мэдээлэл

4.9.9 Дүүрэг,Хорооны хэмжээнд мөрдөгдөх аливаа дүрэм, журам, тэдгээрийн төслийг хэлэлцэх хурлын зар мэдээ, журам, дүрэм батлагдсан тухай шийдвэр

4.10 Энэхүү журмын 4.4-т заасан сар тутам зар түгээх үйлчилгээ, 4.5-д заасан нийтийн зарын самбараар хүргэх боломжгүй шуурхай зарын журмын 3.2.4, 3.2.5, 3.2.6-д заасан хэлбэрээр хүргэнэ.

4.11 Энэхүү журмын 3.2.3, 3.2.9 дэх хэлбэрээр нийтийн зар хүргэхдээ зөвхөн зар хүлээн авагч иргэний бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хүргэнэ.

Тав.Нийтийн зар мэдээлэл хүлээн авагчийн үүрэг, эрх

5.1 Хорооны байнгын оршин суугч, тус хороонд үл хөдлөх хөрөнгөтэй,бизнес эрхэлж хороонд татвар төлдөг хувь хүн өрх нь Хорооны нийтийн зарыг хүлээн авагч байна.

5.2 Хорооны нийтийн зар хүлээн авагч нь нийтийн зар хүлээж авах талаар дараах үүрэг, эрхтэй. Үүнд:

5.2.1 Сар тутмын Дүүрэг, Хорооны ЗДТГ-аас өрх бүрт хүргүүлэх зарын үйлчилгээг ямар хаяг дээр хүлээж авахаа ОНХ албанд бүртгүүлэх. Ингэхдээ улирлын чанартай нүүдлээс хамаарч өөр өөр байрлалд байх бол тэдгээрийг сар бүрээр нь аль болох нарийн тодорхой бүртгүүлсэн байх

5.2.2 Жилийн турш тогтмол нэг хаягаар нийтийн зар мэдээ хүлээж авахаар бүртгүүлсэн өрх нь гэрийнхээ болон хашааныхаа гадна талд шуудангийн хайрцаг байрлуулж, шуудангийн хайрцаг дээр хаягаа тодорхой бичиж, өнгө будгийг нь байнга тод байлгах

5.2.3 Бичиг үсэггүй, харааны бэрхшээлтэй зэрэг шалтгаанаар нийтийн зар мэдээг унших боломжгүй тохиолдолд зар мэдээг амаар тайлбарлуулах

5.2.4 Нийтийн зар мэдээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл зар түгээгчээс тодруулах,эсвэл  өөрийн зардлаар зарлуулагч  утсаар тодруулга хийх

5.2.5 Нийтийн зар мэдээний самбарт тавьсан аливаа зар мэдээллийн агуулгыг бичиж тэмдэглэж авах, гэрэл зургийг авах

5.2.6 Нийтийн зарын самбарт тавьсан мэдээллийг зарлагдсан үйл ажиллагаа явагдаж дуустал хэн ч хураан авах эрхгүй.

Зургаа. Нийтийн зар мэдээнд тавигдах тусгай шаардлага

6.1 ”Хурлын мэдээлэл” нь дараах агуулгатай байна.

6.1.1 Хурал зарлагч этгээд

 6.1.2 Хурлын байр, огноо, цаг

6.1.3 Хурлаар хэлэлцэх асуудал

6.1.4 Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалд хамааралтай төсөл, бичиг баримтууд

6.2 “Эдийн засгийн мэдээлэл ” нь хөрөнгө баялгийн хуваарилттай холбоотой тоо баримт агуулах учир энэхүү зар мэдээг заавал бичгээр гаргаж мэдээллийн самбар, сонин хэвлэлд байрлуулах буюу эсвэл сар тутмын зар түгээлтээр хүргэнэ.

6.3 Хууль тогтоомжийн мэдээллийн агуулгыг тухайн мэдээллийг гаргаж буй төрийн байгууллага тодорхойлно.

6.4 Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл нь нийтэд ойлгомжтой энгийн үг хэллэгээр бичигдсэн байх ёстой. Нийтийн хэрэглээний тухай мэдээллийг аль болох тод, том үсгээр бичвэл зохистой.

Долоо. Нийтийн зарын санхүүжилт

7.1 Нийтийн зарын холбогдолтой дараах зарыг хорооноос санхүүжүүлнэ.

7.1.1 Энэхүү журмын 4.5-д заасан нийтийн зарын самбар, түүнийг мэдээлэлтэй болгохтой холбоотой зардал

7.1.2 Энэхүү журмын 4.4-д заасан сар тутмын тогтмол зар мэдээ хүргэлтийн зардал

7.1.3 Нийтийн зар мэдээ, мэдээллийг бэлтгэх, хувилах, олшруулах, өнгөөр түлхүүрдэх зардал

7.1.4 Нийтийн зар мэдээг олон нийтэд 4.4, 4.5-д зааснаас бусад хэлбэрээр хүргэх зардал

7.2 Нийтийн зар мэдээний зардлыг төрийн байгууллага, зарлуулагч этгээд, ашгийн төлөө бус хандивлагч байгууллага, иргэн хамтран санхүүжүүлж болно. Харин улс төрийн нам, намын дэрэгдэх байгууллага, сонгуульд нэр дэвшигч болон дүүрэг, хорооноос лиценз бизнесийн зөвшөөрөл, газар, бэлчээр, ус, хориотой мансууруулах бодисын төрлийн бүх ургамал, нойтон хуурай мод хүссэн ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс нийтийн зарын санхүүжилтэд зориулж хандив гаргах, эдгээрээс бүх төрлийн хандив авахыг хориглоно.

Найм. Хариуцлага

8.1 Хорооны засаг дарга нь нийтийн зар мэдээ, мэдээллийг иргэдэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулагч нь байна.

8.2 Мэдээлэлтэй иргэд л төрийн ба орон нутгийн шийдвэр гаргах төвшинд шууд оролцох эрхээ эдлэх учраас нийтэд хүртээлтэй зар мэдээ, мэдээллийн утгыг алдуулалгүй, цаг хугацаанд нь багтаан нийтийн хүртээл болгох төрийн үйлчилгээний зардлыг хороо өөрийн төсөвт суулгаж өгнө.

8.3 Санхүүжилт байхгүй, зарлуулагчтай холбогдоогүй, зар мэдээ, мэдээлэл, хариуцсан ажилтантай холбоотой бусад шалтгаанаар иргэдэд зар мэдээ, мэдээллийг амжиж хүргээгүй, эсвэл мэдээлэл огт хүрээгүйгээс учрах хохирлыг Засаг дарга хариуцна.

8.4  Нийтийн зар мэдээ, мэдээллийн агуулгыг мушгин гуйвуулах, элдэв шалтгаанаар зөвхөн тодорхой бүлэглэлд хүргэхийг хориглоно.

8.5 Нийтэд хамааралтай зар мэдээ, мэдээллийн агуулга хугацааг зарлуулагч тал өөрийн санаачлагаар танилцуулж, зарлуулах талаар маш тодорхой мэдэгдэх шаардах үүрэгтэй.

8.6 Нийтийн зар мэдээ, мэдээллийг түгээхдээ иргэдийн үзэл бодол, намын харьяалалаар ялгаварлан гадуурхахыг хориглоно. Зайлшгүй хүргэх ёстой, нэн чухал яаралтай зар мэдээ, мэдээллийг үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, ашиг сонирхлын зөрчөл зэрэг шалтгаанаар хугацаа алдан хойшлуулсан, иргэдэд огт хүргэлгүй нуун дарагдуулсан, хугацаа алдсан тохиолдолд Захиргааны хариуцлагын дагуу ........ торгууль оноож, үйлдлийг ахин давтсан тохиолдолд Засаг даргыг албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авна.

8.7 Улс төрийн нам, тодорхой бүлэглэл, захиргааны байгууллагын ажилтнууд нийтийн зар мэдээ, мэдээллийг элдэв шалтгаанаар нийтэд түгээхгүй нуун дарагдуулж, зөвхөн өөртөө ашиглаж байгаа тохиолдолд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчдын зүгээс энэхүү хууль бус үйл ажиллагааг шалгаж, таслан зогсоох үүрэгтэй. Маргаантай асуудлын талаар хуулийн байгууллагуудад хандах, эсвэл иргэний нийтийн хурлаар хэлэлцэж хариуцлага тооцох арга хэмжээ авна.

8.8 Тус журмын 4.4 дүгээр заалтад хамаарах санхүүжилттэй холбоотой аливаа асуудал тулгарвал санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн талын эрх ашигт үйлчилсэн аливаа үйлдэл хийхийг хориглоно.

8.9 Зар мэдээ бэлдсэн, хэвлэсэн, түгээсэн зардлыг зар мэдээ, мэдээллийн хамт ил тод мэдээлж байна. Зар мэдээ, мэдээлийг хэвлүүлсэн, дүрс бичлэг захиалж хийлгүүлсэн компанид төлсөн төлбөрийн баримт, хэвлэсэн тоо ширхэг, тухайн компанийн нэр, хаягийг тухайн товхимол, хэвлэмэл хуудасны ард, эсвэл баруун доод талд заавал бичиж танилцуулсан байна.

8.10 Хурлын зар мэдээг иргэд хүлээн авсан баталгаа болгон тухайн хүлээн авагчийн гарын үсэг, регистрийн дугаар, утасны дугаарыг бичүүлж авна.

8.11 Зар мэдээний үнэн бодит байдлыг зарлуулагч тал, зар мэдээг боловсруулагч тал бүрэн хариуцна. Нийтийн зар мэдээ, мэдээллийг аливаа хэлбэрийн суртал ухуулгаас ангид байлгана. Нийтийн зар мэдээ,  мэдээллийн агуулга нь үнэн бодитой байх ёстой бөгөөд зөвхөн ашгийн төлөө төр, аливаа бүлэглэл, компанийн эрх ашигт нийцсэн, эрүүл аюулгүй орчинд харшлахаар мэдээллийг ухуулга хэлбэрээр нийтэд хүртээхийг хориглоно.