Дүүргийн ИТХ-н дэргэдэх Санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл болон 2014 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгийнхний зүгээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүн хангалтгүй, муу байгааг дүгнэлтдээ тусгасан байлаа.

Тиймээс эдгээр ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хорооны гишүүд олон санал санаачилга гаргаж байв. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдээд ашиглалтад орсон бүтээн байгуулалтуудыг камержуулах эсвэл харж хандах жижүүр манаач томилон ажиллуулах маягаар эзэнтэй болгох шаардлагатай гэсэн санааг зарим гишүүн хэллээ. Нөгөөтэйгүүр хийгдсэн ажлуудыг сайн хийгдсэн, дутуу орхисон, чанаргүй гүйцэтгэсэн, огт хийгдээгүй хэмээн эрэмбэлэн чанаргүй гүйцэтгэсэн болон огт хийгдээгүй ажлуудын талаар холбогдох хүмүүстэй уулзан шалтгааныг нь тодруулахаар тогтов. Хэрэв тухайн гүйцэтгэгч байгууллагын буруугаас үүдсэн алдаа дутагдал байвал зохих хариуцлагыг хүлээлгэх ёстойг хэлэх гишүүн байсан. Энэхүү асуудлыг ирэх лхагва гаригт хуралдах ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм.