Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа өчигдөр хийлээ. Хуралдаанаар ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо батлах, “Архигүй баасан гариг” дэд хөтөлбөр батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-д нэг орон тоо нэмэгдүүлэх асуудалд тэргүүлэгчдийн зүгээс олон талын байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, тэргүүлэгч Д.Төмөрбаатар “Одоо байгаа орон тоон дээр дахин хүн нэмэгдүүлэх шаардлагагүй” хэмээн үзсэн бол ИТХ-ын Ажлын албаны дарга М.Зундуйдаваа “Цаашид хороодыг дөрвөн бүсэд хуваан “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой ажиллаж байгаа. Тиймээс бүс тус бүрт “Иргэний танхим”-ын ажилтан авч ажиллуулах шаардлага байгаа” гэсэн тул тэргүүлэгчид энэхүү асуудлыг дэмжиж баталсан юм.

Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь “Архигүй баасан гариг” дэд хөтөлбөр батлах тухай байлаа. Дүүргийн хувьд хүн ам олонтойн дээр ажилгүйдэл өргөн хүрээг хамардаг. Үүнийг дагаад архидалтаас үүдсэн гэмт хэрэг зөрчил олон гардаг. Тиймээс иргэдийн дунд архидалтыг бууруулах, амьдралын зөв хэв маяг, чиг хандлагыг бий болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэлэлцүүлж буйгаа санаачлагчид хэлж, тэргүүлэгчид дэмжиж баталлаа.