Дүүргийн 29 дүгээр хороо “Иргэний танхим”-ын нээлтээ өчигдөр хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус хорооны иргэд, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д.Хархүү болон бусад албаны хүмүүс оролцов.

 

29 дүгээр хорооны “Иргэний танхим” нь албан ёсоор нээлтээ хийсэн улсын хэмжээнд 452, нийслэлийн хэмжээнд 57, дүүргийн хэмжээнд 14 дэх нь. Энэ нь тоон үзүүлэлтээрээ нийслэлд хамгийн олон “Иргэний танхим”-тай дүүрэг болж байгаа аж. 29 дүгээр хорооны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д.Хархүү “Сонгинохайрхан дүүрэг албан ёсоор ашиглалтад орсон “Иргэний танхим”-ын тоогоор тэргүүлж буй нь иргэдээ сонсдог, төрд иргэдийн оролцоог хангахад сайн ажиллаж байгаа нь харагдаж байна. Цаашид иргэд өөрсдөө идэвхи санаачилгатай байж “Иргэний танхим”-ынхаа үйл ажиллагааг тогтмолжуулаарай” хэмээлээ.