Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэргүүтэй төлөөлөл манай дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй уулзлаа.Уулзалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн онд хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Энэ үеэр дүүргийн удирдлага, төлөөлөгчид иргэдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэлж байв. Тухайлбал, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 21, авто сургуулийн уулзвараас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 3.1 километр замын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Улаанчулуутын хогийн хогийн цэг рүү хог тээвэрлэж буй бусад дүүргийн тээвэрлэгч байгууллагууд хог тээвэрлэх замдаа дүүргийн нутаг дэвсгэрээр хогоо асгаж, хийсгэдэг байдалд хяналт тавих хэрэгтэй байгааг хэлсэн. Мөн Төлөөлөгчдийн зүгээс толгойтын зам дагуу мод зүлэг тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гэр хорооллынногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хууль зөрчдөг дэн буудлуудыг хаах, ил задгай оршуулгыг цэгцлэх, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг зохицуулах, хороодын бүтцийг сайжруулах гэх зэрэг саналуудыг хэллээ.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Хороодын бүтцийг шинэчлэх санал байнга ирдэг. Засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд хороодыг бэхжүүлэх, эрх мэдлийг дээшлүүлэх замаар иргэдэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь олон нийтийн оролцоотой шийдвэрлэдэг болгох талаар бид ихээхэн анхаарал хандуулж байгаагаа хэлсэн юм. Хороодыг санхүүгийн эрх мэдэлтэй болгох боломж бололцоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх асуудлаар нийслэлийн шилдгээр шалгарсан 10 хорооны Засаг дарга нарын саналд үндэслэн манай албанаас тодорхой саналын төсөл боловсруулж буйгаа мөн дуулгав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах” хөтөлбөр батлагдсан бөгөөд гэр хороололд хувь хүн, компани гэрэлтүүлэг хийсэн бол зардлыг нийслэл хариуцаж, иргэн, компани цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг нь хариуцан оператор компаниар ажиллах боломжтой болж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн хог тээвэрлэгч байгууллагууд Улаанчулуутын хогийн цэг рүү явах замд хог асгаж байгааг зогсоох, хог тээвэрлэгч байгууллагуудад тавих шаардлагын төслийг боловсруулж байгаа аж. Хогийн цэгүүдэд гэмт хэрэг их гарч байна гэсэн гомдол багагүй гарч байгаа учраас хяналтын камерууд тавьж эхэлсэн бөгөөд удахгүй Улаанчулуутын хогийн цэгийг ч мөн камержуулах ажлыг зохион байгуулна гэдгийг хэлэв. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Оршуулгын тухай журам” гаргаж ил задгай оршуулга хийхийг хориглосон юм. Иргэдийн шашин шүтлэгийн асуудал давхар хөндөгддөг болохоор сүм хийдийн удирдлагууд, шашины байгууллагын дарга нартай уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Цаашид оршуулгыг ил задгай тавих асуудал дээр анхаарал хандуулж ажиллана гэсэн юм.