Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасаг хамтран “Өгөөмөр өдөр” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрэггүй болсон эд зүйлсээ хог хаягдал болохоос сэргийлж хэрэгцээтэй хэн нэгэнд хандивлах, худалдах юм.
Өдөрлөгт Улаанбаатар Ус Суваг Удирдах газар, Төвшин сайхан мөнх ТББ нь 130 кг хоёрдогч түүхий эдийг худалдан борлуулж орсон орлогыг хандивлалаа. Мөн 43-р хорооны иргэн Б.Оюунсүх 5000 хувцас, 10 эрүүл мэндийн дэр хандивлалаа.
ЗДТГ-ын 10 байгууллага, 176 ажилтан, албан хаагч, Баруун түгээх сүлжээ харьяа ХҮТ 11- ХҮТ 16 төвүүд, УСУГ-ын Цэвэрлэх байгууламж, Шугамын усан хангамжийн алба, Эко тайхи ХХК, Анагаагч дэр ХХК, 15-р хорооны ахмадын зөвлөл, 5 хувь иргэн, хог тээвэрлэлтийн 5 байгууллага 20 ажилтан оролцож бусдад 3223 гутал, хувцас, 747 ном, тоглоом, 54 электрон бараа, 182 цүнх, гоёл чимэглэл, 617 ширхэг тоглоом хүүхдийн хувцас, 88 ширхэг хүнсний зүйл, 38000 төгрөг, бусад 769 ширхэг эд зүйлс хандивласан байна.
Өдөрлөгөөр цугларсан эд хэрэгсэл, хувцсыг асрамжийн газарт хандивлах юм. Өгөөмөр өдөрт идэвхтэй оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье.