Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт сар шинийн баярт зориулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.01.12/ хуралдлаа.
Тодруулбал, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, ULAANBAATAR EXPO CENTER, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Тус үзэсгэлэн “Улаанбаатар экспо” центр дээр 2024.01.20-02.09-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Иймд ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар ЗДТГ-ын зүгээс хэрэгжүүлэх зохион байгуулалтын талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Тус ажлын хэсэгт ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэр эрхлэгчдийн холбоо зэрэг багтан зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.