Нийт нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд амьдардаг иргэдэд тулгамдаж буй асуудлаар дүүргийн онцгой комисс өнөөдөр /2023.01.17/ хуралдлаа.
Мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодод нийт 73824 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 295910 толгой мал өвөлжиж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан алслагдсан эдгээр хороодын зарим хэсгүүдэд зам, даваа хаагдаж малчид өвс, тэжээлийн хомсдол болон эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
Иймд тус хороодын Засаг дарга нар болон онцгой комиссын гишүүдэд “Нэн түрүүнд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа хэсэгт амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн байдал, сургууль цэцэрлэгт хамрагддаг хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэдийн тоон мэдээллийг гаргаж эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцгойлон анхаарууллаа. Учир нь иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн чухал.
Мөн дэмжлэг үзүүлэх шаардлагатай мал бүхий иргэдэд өвс, тэжээл тараах, Цаг агаарын урьдчилсан мэдээг малчин айл өрхүүдэд хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулахыг үүрэг болголоо.