Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай энхтайваны өргөн чөлөө буюу өнөр бүсийн хороодоор өнгөрсөн 4 дүгээр сард явж бүтээн байгуулалт, иргэдээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэн ажилласан. Энэ ажлын хүрээнд 12, 13 дугаар хороодын зааг дээрх 5 гарааш, орон сууцыг тойруулан барьсан хайс хашлагыг буулгаж иргэдийн зорчих хэсгийг чөлөөтэй болгосон юм. Мөн 14 дүгээр хороонд дүүргийн Орон нутгийн хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар 14 дүгээр байрны урд талд 920 м.кв талбайд хатуу хучилттай 30 авто машины зогсоолыг хийж, ашиглалтад оруулаад байна.
Харин өнөөдөр энхтайваны өргөн чөлөөний 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар хороодоор дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, холбогдох хэлтэс, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар, ажлын хэсгийнхэнтэй хамт ажиллаж, иргэдээс ирсэн хүсэлт болон нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг эрчимжүүлэх хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Тухайлбал, 12, 13 дугаар хороодын дунд байрлах 5 гарааш буусан 100 м.кв талбайг тохижуулж 4-5 метр өргөнтэй явган хүний зам болгохоор шийдвэрлэлээ. Мөн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан дэлгүүр, гарааш, төмөр хайс хашлагийг буулгаж иргэдийн зорчих хэсгийг чөлөөтэй болгох, тохижилтын ажлыг хийх, зураг төслийг яаралтай гаргахыг хороодын Засаг дарга нарт даалгалаа.
Мөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энхтайваны өргөн чөлөөнд байрлах ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж иргэдийн зорчих хэсгийг чөлөөлж байгаа. Үүнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгчийн холбооны гишүүдтэй уулзаж санал бодлыг сонсон зөвшилцөлд хүрлээ.