Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын ШУА-н Газарзүй, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр /2023.09.26/ халиа, тошин, шар усны үер, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөний гол зорилго үерийн нарийвчилсан үнэлээг гаргах, дүүргийн ундны усны чанар, найрлага, гадаргын усны бохирдол, усны нөөц, үерийн ус, хөв, цөөрөм байгуулах асуудал, хөрсний бохирдлыг бууруулах арга зам түүн дээр суурилан авч хэрэгжүүлэх менежментийн ажлуудыг нэг бүрчлэн богино, дунд, урт хугацаандаа төлөвлөхөд оршиж байна.
Монгол Улсын Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгээс Сонгинохайрхан дүүргийн ундны усны чанарын судалгааг 43 хорооны ус хангамжийн эх үүсвэрийн 478 уст цэгээс усны сорьц авч, өнөөдөр судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Мөн үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд гол усны ай сав дээр усны нөөц, үерийн ус, хөв, цөөрөм байгуулах, үерийн далан суваг хийх судалгааг гаргах, үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэх, хөрсний бохирдолыг хэрхэн шийдвэрлэх зэрэг эрдэм шинжилгээний судалгаан дээр суурилсан мэдээ, мэдээллийг авсан зөвлөгөөн боллоо.
Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 19,6 км үерийн далан байгаа бол цаашид 44 км хийх нэн шаардлагатай гэдэг судалгаа бий. Мөн дүүргийн хэмжээнд 56 мянган нүхэн жорлон байдаг бөгөөд “Хөрсний бохирдолгүй дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 2021- 2024 онд 10 мянган нүхэн нойлыг эко болгох зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 6700 айлын нойлыг эко болгосон бөгөөд ирэх онд үлдсэн 3300 айлын нойлыг сольж дуусах юм. Эдгээр өрх бүр хашаандаа 10 мод тарьж байгаа бөгөөд нийт 60 мянга гаруй мод гэр хороолол дунд таригдсан байх юм. Энэ манай дүүргийн хувьд урт хугацааны бодлого болон хэрэгжиж байна.
Аливаа зүйл шинжлэх ухаан дээр суурилан хөгжих нь илүү үр дүнтэй. Тиймээс Сонгинохайрхан дүүрэг цаашид Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн газартай хамтран судалгаа шинжилгээ хийж, үерийн эрсдэлтэй бүсийг тодорхойлох, үерийн далан, усны сав, хөв, цөөрөм, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын судлагааг хамтарч гарган, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар боллоо.