Хүүхэд багачуудыг мэдлэг, боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ой, дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын өдрийг тохиолдуулан “ЧАДВАРЛАГ БАГШ - 2023” бага хурлыг зохион байгууллаа.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2020 онд 57 цэцэрлэгтэй байсан бол өнөөдөр 67 цэцэрлэгтэй болж 10 цэцэрлэгээр нэмэгдсэн.
Мөн 2020 онд 24 сургуультай байсан бол 2024 онд 27 сургуультай болж 3 сургуулиар нэмэгдсэн байна. Цаашид 14 цэцэрлэг, 7 сургуулийг шинээр барьж, 2 цэцэрлэг, 2 сургуулийн барилгын өргөтгөл хийгдэж, 1 сургууль, 1 цэцэрлэгийг буулгаж шинээр барьж байна. Энэ нь Сонгинохайрхан дүүрэг нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн байдлаараа 21 аймаг, 9 дүүрэгтээ тэргүүлж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
162 дугаар сургууль нь Монгол-Оросын хамтарсан сургалтын хөтөлбөртэй сургуультай болсон. Мөн Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг 151 дүгээр сургуульд хэрэгжүүлээд байна.
Үйл ажиллагааны үеэр 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон багш, Ерөнхий боловсролын сургуулиудыг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Боловсролын тэргүүний ажилтан, БШУЯ-ны жуух бичиг, НИТХ-ын хүндэт тэмдэг, Нийслэлийн боловсролын газрын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэг, Биеийн тамир спорт хорооны жуух бичиг, Биеийн тамирын тэргүүний ажилтан, СӨБ-ын байгууллагын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнал зэргээр тус, тус шалгаруулж урамшууллаа.