Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямдаар худалдаалах “Саян-Уул” ХХК-ийн санал санаачлагыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргасан 7 түр байршилд махны төрөлжсөн худалдааны цэг байгуулахаар болсон. Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төв, СХД Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүрэг Шинэ Монгол сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байрлууллаа.  Эдгээр цэгүүдэд  үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал дэд хөтөлбөрийн дагуу Хүчит шонхор захын үнээс 500-1000 төгрөгөөр хямдаар иргэдэд худалдаалах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж байгаа бөгөөд  бүртгэлийн ажил өнөөдрөөс бүх дүүрэгт эхэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2014 оны 01 дүгээр сарын 08-ны Лхагва гаригийн 13:00-17:00 цагийн хооронд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Шинэчлэлийн Засгийн газрын Иргэдийг хүлээн авах төв дээр ажиллаж тус төвийн 11-11 шууд утсанд холбогдсон Сонгинохайрхан дүүргийн иргэдийнхээ санал хүсэлт, гомдлыг хүлээн авна. Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхэн Монгол Улсын хууль тогтоох байгууллагад өөрсдийн төлөөлөл болгон илгээсэн гишүүндээ шууд хандаж санал хүсэлтээ илэрхийлэх энэхүү боломжийг идэвхитэй ашиглан оролцохыг хүсье.

 

 

Тус хорооны нутаг дэвсгэрт Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалтаар Хилчин хотхонд амьдарч байгаа 168 айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох, авто замын болон явган хүний зам тавих төслийн эхний шатны ажил амжилттай явагдаж байна.

 Төслийн зорилго нь  иргэд өөрсдийн санал санаачлага оролцоотойгоор газраа шинэчлэн зохион байгуулж, дэд бүтэцтэй болох айл өрхүүд   хувийн өмчилсөн газраа нийлүүлж газар ашиглалтаа сайжруулах замаар нийтийн эзэмшлийн зам талбайтай болоход чиглэж байгаа.       

 

Төвийн инженерийн шугам сүлжээний эх үүсвэрээс  алслагдсан гэр хороололд шугам сүлжээг хэрхэн бие даасан шийдлээр орчин үеийн дэвшилтэт технологиор холбож болохыг харуулахаар Атмор компанийхан ажиллаж байна.

Уг ажилд хорооны Хилчин хотхоны иргэдийн идэвхи санаачлага, хичээл зүтгэлийн дүнд  өөрсдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөө бий болгож чадлаа.

2013 оны 12 сарын 28-ны өдөр  “Шинэ Хилчин хороолол” анхныхаа шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж, Атмор ххк-нь оны шилдэг ажилчдаа тодруулж,  идэвхи санаачлага гаргасан иргэдийг  ДИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

Иргэд хоорондоо зөвшилцсөний дагуу өөрсдийн өмчилж буй газраасаа тодорхой хэмжээг гарган өгч авто зам болон явган хүний замтай болов.

Айл өрх болгон руу орсон авто зам, явган хүний зам.

Айл өрх болгоны байшинг дулаалгын фасадаар, мөн нэгдсэн хашаагаар жигдэрсэн байдал

“Шинэ Хилчин хороолол”-ын анхны Шинэ жилээр Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгальмаа ирж мэндчилгээ дэвшүүлэв.

Идэвхи санаачлага гаргаж ажилласан иргэдээ ДИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

Өнөөдөр улс дүүрэг, нийгэмдээ үр бүтээлтэй ажилласан иргэдийн төрийн дээд болон дүүргийн Засаг даргын шагналыг хүртээлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагнасныг Иргэний танхимд гардууллаа.

 

Мөн 2013 оны дүүргийн тэргүүний байгууллага хамт олон, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Дүүргийн 2013 оны тэргүүний  сургуулиар Ш.Сарантуяа захиралтай 62 дугаар сургууль, тэргүүний цэцэрлэгээр Ө.Туул эрхлэгчтэй 127 цэцэрлэг, тэргүүний хэлтсээр Г.Гэрэлмаа даргатай Хөдөлмөрийн хэлтэс, тэргүүний эрүүл мэндийн байгууллагаар 24 дүгээр хорооны “Баянбэгэр” өрхийн эмнэлэг тус тус шалгарлаа. Энэ үеэр дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, өргөмжлөлөөр 10 гаруй иргэнийг шагнаж урамшуулсан юм.

Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хоёр давхар цогцолбор байрыг энэ оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс барьж эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаандаа улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн болон албаны бусад төлөөлөгч оролцсон.

Дүүргийн 9 дүгээр хороонд баригдсан тус цогцолбор барилгыг 1,5 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Бутангууд констракшн” ХХК барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөв. Тус хэлтэс нь дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна.

 

 

Бэлэн байдлыг хангуулах, ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр томилох тухай

 

2013-2014 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлан онцгой амжилт гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дүүргийн “Иргэний Танхим”-д хүлээн авч уулзлаа.

Оны шилдэг сурагчаар Хөгжим бүжгийн коллежийн сурагч Эрдэнэбатын Урандэлгэр, Ирээдүй цогцолборын II бага сургуулийн 5-р ангийн сурагч Доржсүрэнгийн Намуун, 65-р сургуулийн 11а ангийн сурагч Дэнсмаагийн Баярмаа, Ирээдүй цогцолборын I бага сургуулийн 5-р ангийн сурагч Гантуяагийн Хонгорзул, Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн 10в ангийн сурагч Даваажавын Сондор, 86-р сургууль 7б ангийн сурагч Гантулгын  Баттулга, Ирээдүй цогцолборын 2-р бага сургуулийн 4ё ангийн сурагч Ламзавын Адъяабазар, 9-р сургуулийн 10-р ангийн сурагч Тавинтайн Болдсайхан, 76-р сургуулийн 6д ангийн сурагч Батцэцэгийн  Жаргалмаа, 67-р сургуулийн 11г ангийн сурагч Өлзийбаярын Болор-Эрдэнэ нар тодорлоо.

 

“ОНЫ ШИЛДЭГ” сурагч нарт Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар баяр хүргэж, “Баярын бичиг” мөнгөн  шагналаар шагнаж, амжилт хүслээ.

 Баярын бичигт “Өөрийн хичээл зүтгэл, оюун ухаан, авьяас билгээр үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасанд тань талархаж Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “БАЯРЫН БИЧИГ”, үнэ бүхий зүйлээр шагнав” Оюун ухаан, авьяас билэг тань хурц байж, од хийморьтой гэрэлтэж явах болтугай гэжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар  шилдэг хүүхдэд нэр дэвшсэн 16 хүүхдэд гарын бэлэг гардуулж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

 

 

Сонгинохайрхан дүүргийн “Иргэний танхим”-д 12 дугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн 32 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийнхэн “Канад сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн нээлт боллоо. Нийтдээ 9000 канад долларын хөрөнгө оруулалтаар 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх төслийн нээлтэд 32 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгий ахлагч Д.Одонтунгалаг болон бүлгийн гишүүд оролцож, төслийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлаа танилцуулсан. Мөн дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Нямбаяр, тус хэлтсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Саранцэцэг, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Р.Отгонбаяр, 32 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Очир, тус хорооны халамжийн нийгмийн ажилтан Б.Даваахүү нар урилгаар оролцов.