Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, дэд дарга, дэд комиссар Ч.Ням-Очир, дүүргийн Засаг дарга М.Чинболд, дүүргийн прокурорын газрын дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Отгонбаяр нар оролцов. Тус саатуулах байр нь орчин үеийн тоног төхөөрөмж, камераар тоноглогдсон стандартын дагуу баригдсан, 40 хүний багтаамж бүхий ахуйн хүрээнд архидан согтуурч, зөрчил гарган саатуулагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх нөхцлийг бүрдүүлсэн, тэдний зан үйл, сэтгэл зүйд нөлөөлөх сургалт сурталчилгааны тусгайлсан танхимтай ажээ. Мөн цагдаагийн байгууллагын албан хаагчийн аюулгүй байдлыг хангасан зэргээрээ нийслэлийн хэмжээнд анх удаа баригдан ашиглалтад орж байгаа саатуулах байр юм.

 

 

Мөн энэ үеэр дүүргийн Засаг даргын нөөцийн хөрөнгөөр тохижуулсан хохирогчдод зөвлөгөө өгөх өрөөг хүлээлгэн өгөв. Гэр бүлийн хүчирхийлэл, бусад дарамт шахалтаас үүдсэн гэмт хэрэгт өртсөн, өртөж болзошгүй иргэдийг тусгаарлан байрлуулах тус өрөөг бүрэн тохижуулсан байна.