Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн  үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.

 

Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. НИТХ-ын Д.Баттулга  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр “Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 374 жилийнхээ ойтой золгож байна. Нийслэлийн шинэчлэлийн багаас энэ өдрийг хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэж байна. Өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллыг дахин төлөвлөлт гэх мэт олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд эхнээсээ хүрч байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гаргаж бай шийдвэр, бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусгаж байгааг иргэд таатай хүлээн авч байгаа. Тиймээс нийслэлийн дүүрэг, хороодод нийт 42 газарт “Иргэний танхим”, “Иргэний оролцооны хэлтэс” байгуулан иргэддээ ойртож байна. Нийслэлийн иргэддээ  374 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд хүн бүр, иргэн бүр, айл бүрийн амьдралд аз жаргал, инээд баясал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо энэ сарын 28-ны өдрийн морин цагт цогцолбор байрны нээлтээ хийлээ. Нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, ИТХ-ын Ажлын албаны дарга М.Зундуйдаваа нар урилгаар оролцов. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү байранд хорооны Засаг даргын ажлын алба, Цагдаагийн хэсэг, Өрхийн эмнэлэг зэрэг төрийн байгууллагууд нэг дор байрлаж, төрийн үйлчилгээг цогц хэлбэрээр хүргэх юм.

Цогцолбор байрны нээлтэд тухайн хорооны оршин суугч Монгол улсын Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Ж.Одмаа нар ая дуугаа өргөсөн юм.

 

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын санаачилгаар  10 дугаар сарын 29-нд  Чингисийн талбайд “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” сэдэвт худалдаа, үйлчилгээг зохион байгуулах гэж байна. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Ханын материалын эцэс “Дүүхээ 2” худалдааны төвийн гадна талбайд “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” сэдэвт худалдаа, үйлчилгээг явуулах юм. Иймд худалдаа, үйлчилгээ эрхлэгч та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, дүүргийн иргэдэд Нийслэлийн ойн баяраар бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.

 

Дүүргийн нийт иргэд хөдөлмөрчид та бүхнийг худалдаа, үйлчилгээнд өргөнөөр оролцож, урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдралыг бодитоор мэдрэхийг уриалж байна.

Дүүргийн хэмжээнд Япон улсын буцалтгүй тусламжаар барьсан 5 дахь сургуулийг хүлээн авлаа. Баянголын ам буюу 22 дугаар хорооны нутагт баригдсан 123 дугаар сургуулийн нээлт өнөөдөр болсон юм. Сургуулийн нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа болон албаны бусад төлөөлөгч оролцсон.

 

Есдүгээр сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү сургуульд өмнө нь 106 болон хотын төвийн бусад сургуулиудад сурч байсан хүүхдүүд суралцаж байна. Ингэснээр өдрийн гурван ээлжээр хичээллэж байсан 106 дугаар сургууль 2 ээлжээр хэвийн хичээллэж, гэрээс хол сургуульд явдаг байсан хүүхдүүд ойр сургуультай болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд энэ сургууль нээгдсэнээр бий болж байна.

Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Монгол улсын бага боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-өөр 104, 106, 121, 122, 123 дугаар  сургууль, 7 өргөтгөлийг манай дүүрэгт барьж бэлэглэснээр энэхүү төсөл дуусч байгааг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү энэ үеэр хэлсэн юм.

Дүүргийн Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэстэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл- цагаан шугам” тэмцээн энэ сарын 24-ний өдөр Ерөнхий боловсролын 83 дугаар сургууль  дээр боллоо. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд оролцон нийт хүүхэд багачуудад гарын бэлэг өгч, дурсгалын тэмдэг зүүж өгөв.

 

Энэ жил 31 дэх удаагаа болж буй тус тэмцээнд 16 багийн 192 сурагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Тус тэмцээнд 3-5 дугаар ангийн сурагчид оролцон багийн мэндчилгээ, буухиа тэмцээн, урлагийн үзүүлбэр, замын хөдөлгөөний дүрмийн талаар асуулт хариулт, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлөөр өрсөлдсөн байна. Багийн дүнгээр “Ирээдүй” 3 дугаар бага сургууль тэргүүн байр, 107 дугаар сургууль дэд байр, 62 дугаар сургууль гуравдугаар байрыг тус тус эзлэн цом, медаль, мөнгөн шагналын эзэд болов.