Дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их, Бага нарангаас Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн чиглэлд сурагчдын автобус туршилтын шугамаар явж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдын автобус ийнхүү явж эхэлснээр тодорхой хэсэгт замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна эцэг эхчүүдийн цаг завыг хэмнэх, сурагчдын  аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой юм.

Дүүргийн Засаг даргын санаачилгаар 999 өсвөрийн шатарчин бэлтгэх зорилготой “Ирээдүйн мастерууд Сонгиноос” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хаан нүүдэл” шатрын тэмцээнийг Боловсролын хэлтсээс зохион байгууллаа. Тэмцээнд улсын 16, хувийн “Тольт”, “Номуун” сургуулийн нийт 380 сурагч оролцсон байна.

 

Тэмцээний дүн гарахад “Ирээдүй” цогцолбор нэгдүгээр байр, 12 сургууль хоёрдугаар байр, 67 дугаар сургууль гуравдугаар байр тус тус эзлэн амжилт гаргаж цом, медаль, өргөмжлөлийн эзэд болов. Эхний байр эзэлсэн “Ирээдүй” цогцолбор, Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн баг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Сонгинохайрханчууд энэ оны анхны 3 ихэр хүүхдээ өлгийдөн авлаа. Тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ж.Золбоот, М.Золжаргал нарын гэр бүлд ийнхүү 3 ихэр охин мэндэлжээ. Тэд хүүхдүүддээ З.Ихэрзаяа, З.Итгэлзаяа, З.Ижилзаяа гэдэг нэрийг хайрласан байна. Энэ сарын 1-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд мэндэлсэн эдгээр хүүхдүүд 10 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж төрсний гэрчилгээгээ гардсан байна.

 

Дашрамд дуулгахад төрсний гэрчилгээг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн кирилл, уйгуржин монгол бичгээр хавсран бичдэг болжээ. Ингэснээр шинэ төрсөн хүүхдүүд үндэсний үсгээр бичсэн төрсний гэрчилгээтэй болж байна.

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2013 оны байдлаар 6520 хүүхэд шинээр бүртгүүлснээс 140 хүүхэд буюу 70 ихэр хүүхэд бүртгүүлжээ.

Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт 8 дугаар сарын 2-ны өдрөөс Монголын Мянганы сорилтын сангаас Хөрөнгийн эрхийн бүртгэл төслийн хүрээнд шинэ цахим програм нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр эд хөрөнгийн эрхийн бүртгэл бүрэн цахим хэлбэрт шилжиж иргэд эд хөрөнгийн лавлагааг төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас авдаг болох юм. Дүүргийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн 56 мянган бүртгэл байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун ба Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болголоо. Уг хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд  2 секундын дотор нээгдэж хаагдана. Дугаар танилтын систем ба хяналтын камерыг Нийслэлийн Авто замын газрын төв сервер дээр шууд хянаж байгаа юм.  Мөн товчоодын хяналтын камер, цахилгаан пүү ашиглалтад орлоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.