Дулаанаа шалны халаалтаар шийдсэн, зориулалтын агааржуулалтын систем бүхий өвлийн хүлэмжин дэх анхны эко гэр цэцэрлэгийн бүлэг Сонгинохайрхан дүүрэгт үүд хаалгаа нээлээ.

Нийт 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Ханын материалын эцэст байрладаг 84 дүгээр цэцэрлэг ийнхүү дэргэдээ эко гэр цэцэрлэгийн бүлэгтэй болж байна. Ингэснээр дахин 25 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломж бүрджээ.

Уг эко гэр цэцэрлэгийн бүлгийг дүүрийн Засаг даргын Тамгын газар, “Ulaanbaatar peace avenue rotary” клуб, “Эко ногоолин” төрийн бус байгууллага хамтран байгуулсан.

Энэхүү цэцэрлэг нь эко гэдгээрээ анхдагч бөгөөд эко цэцэрлэг байрлаж буй хүлэмжинд өвөл, зуны аль ч улиралд ногоо тарих боломжтой нь хүүхдүүдэд экологийн боловсролтой болох танин мэдэхүйн ач холбогдолтой. Гэр цэцэрлэг учраас урлаг, спортын  заалгүй ч хүлэмжин доторх талбайг ашиглан биеийн тамирын  дасгал  хөдөлгөөн хийх талбай гаргаж өгчээ.

Нээлтийн үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Хэдийгээр нийслэлд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа ч хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох бүхий л боломжийг ашиглах нь зөв. Энэ бүлгийг байгуулснаар 25 хүүхэд ч болов гэртээ биш, цэцэрлэгт хүмүүжих боломж нээгдэж байна” гэсэн юм.

Уг цэцэрлэгийг нийт 20 орчим сая төгрөгөөр барьсан бөгөөд дүүргийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн. Санхүүжилтийг “Ulaanbaatar  peace avenue rotary” клуб гаргасан бөгөөд бусад улсын ротари клубийн зүгээс ирсэн хандив дийлэнхийг нь бүрдүүлсэн байна.

“Манай гудам-Миний хороо” аяны хүрээнд 10 дугаар хорооны иргэн Ц.Цогт-Очрынх зураг төсөл гарган хашаандаа 12 сая орчим төгрөгийн тохижилт хийж, гэр хороолол ая тухтай амьдарч болохын жишээг харуулж байна.

15 жил гаруй хороондоо амьдарч буй энэ айл аяны хүрээнд усан оргилуур, уран баримал барьж, зүлэг, шар хуайс, голт бор, сарнай зэрэг 14 төрлийн мод, чацаргана, үхрийн нүд, мойл зэрэг 6 төрлийн жимсний мод, цэцэгт ургамал тарьсан байна.

Хашаандаа хоёр машины гражтай, халаалтаа цахилгаанаар шийдсэн бөгөөд хамгийн оргил үед сарын 450 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлдөг гэлээ. Бохир, цэвэр усны асуудлаа бүрэн шийдэж гэр хороололд тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн жишиг өрх болжээ.

Монгол ахуйг хүүхдүүдэд танин мэдүүлэх, монгол гэр, таван хошуу малыг хүүхэд, багачуудад үзүүлэн таниулах үүднээс зүлэгжүүлсэн талбайд тохижилт хийжээ. Мөн бусад айл өрхүүдэд үлгэр жишээ болохоор ахуйн хогоо ангилан ялгаж хаяж байгаа гэж Ц.Цогт-Очир гуайн гэргий А.Навчаа ярьсан юм.

10 дугаар хороо 2480 гаруй өрхтэй, 11524 мянган хүн амтай. Тус хороонд “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд 320 өрх айл хашаагаа тохижуулж, мод зүлэг тарьжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд аяны хүрээнд шилдэг тохижилттой айл өрх, аж ахуйн нэгжүүдтэй танилцахдаа Ц.Цогт-Очрынд зочилж, “Нийслэлийн иргэдийн 48 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Иргэдийг орон сууцжуулах бодлого явагдаж байгаа боловч гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах ажил мөн бодлогын чанартай хэрэгжиж байна.

Иргэдийн дунд судалгаа явуулахад 60 орчим хувь нь амьдарч байгаа газартаа орчноо бүрдүүлж, тав тухтай амьдрах хүсэлтэй байгаа юм. Тиймээс бид амьдрах орчныг сайжруулах, иргэдийн санал санаачлагыг дэмжих үүднээс “Манай хороо – Миний гудамж” хөтөлбөрийг санаачлан болзолт уралдаан зарласан. Иргэдийн санал, санаачлага өндөр, идэвх сайтай байгаад баяртай байна” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит Иргэдийн спортын VII их наадмын Спорт явган аяллын тэмцээн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Спорт хорооны баруун талбайгаас хойш орбитын бор толгойн чиглэлд 4 км зайд алхаж, хөгжөөнт буухиа, нуувч илрүүлэх, газрын зурган дээр ажиллах гэсэн 3 төрлийн тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд:

1-р байрт Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хороо

2-р байрт Э.Батбаяр Засаг даргатай 5-р хороо

3-р байрт Д.Ганбат Засаг даргатай 13-р хороо

3-р байрт Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 8-р хороо тус тус шалгарлаа.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЗӨВЛӨМЖ

2018 оны 07 сарын 02                                                                              Улаанбаатар хот

 

Хороодын 2018 оны эхний хагас жилийн үйл ажилллагаанд

хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулсан тухай

 

            Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 06- ны өдөр баталсан удирдамжийн дагуу хороодын эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнд явцын хяналт-шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэв. Хяналт-шинжилгээний ажлыг гүйцэтгэхдээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-д заасан шалгуур үзүүлэлт, аргачлалыг удирдлага болгон ажиллаа.

            Ажлын хэсгээс хороодын үйл ажиллагаанд үнэлгээ өгөөгүй бөгөөд 2018 оны 3, 4 дүгээр улиралд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1.    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.

2.    Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, журам, дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийн хариуцсан ажил үүргийн талаар зайлшгүй мэдэх бичиг баримтыг уншиж судлах.

3.    “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд зарлагдсан аян, уралдаанд идэвх санаачлагатай оролцож, ач холбогдол өгч ажиллаж, үр дүнг тооцох.

4.    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах.

5.    Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Засаг даргатай байгуулсан “Батламж” гэрээний хоёр жилийн хэрэгжилтийн үр дүнг тооцоо судалгаатай гаргаж тайлагнах.  

6.    Хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлтийг хангаж, төлөвлөсөн ажлаа 100 хувь хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж үр дүнг тооцох.

7.    Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангуулахад онцгой анхаарч, хариуцлага тооцож ажиллах.

8.    Дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг сайтар зохион байгуулж, үр дүнг тооцох.

9.    Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг нь тооцож байх.

10. Хөрөнгө оруулалтаар бий болсон нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа эд хөрөнгийн ашиглалт хамгаалатанд анхаарч, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын нэр, төрөл, байршил, тоо хэмжээг бодитой төлөвлөж ирүүлэх

11. Албан хэрэг хөтлөлтийн Edoc системийн нэвтрүүлэлтийг эрчимжүүлж, заавар стандартыг мөрдөн ажиллах. “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулж, зөрчил гаргахгүй ажиллах.

12. Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгавар, албан ажлыг цаг тухайд нь хуулийн хүрээнд биелүүлж ажиллах.

13. Байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, агаар болон хөрсний бохирдолыг бууруулах, автозам, нийтийн эзэмшилийн гудамж талбайг тохижуулах, хамгаалах талаар гарсан хууль, эрх зүйн баримт бичиг, холбогдох журам, дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллах.

14. Нийгмийн бодлогын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын үр дүнг олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж сурталчлах,

15. Аз жаргалтай хотын индексийн үзүүлэлтүүд.

 

 

Энэхүү зөвлөмжийн биелэлтийг улирал Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлж байх.

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР          

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” –ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тоот тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг Нийслэлийн 9 дүүрэг 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байгаа.

Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Засаг даргын А/125 тоот захирамжаар аян зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулагдаж, 32 хороонд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж байна.

            Аяны хүрээнд 25 заалттай календарчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөний гүцэтгэл 65 хувьтай байна. Харин аяны явц дүүргийн хэмжээнд 58 хувьтай байна.       

Хороодын хэрэгжүүлж буй ажлаас дурдвал 1-р хороо Толгойтын 96-р гудамжны урд талд 60 сая төгрөгөөр нийт 288 м2 талбайд бүтээн байгуулалт хийсэн байна. Тодруулбал хүүхдийн иж бүрэн тоглоом, 200 м2 талбай бүхий сагсан бөмбөгийн талбай, 20 м2 элсний талбай зэргийг хийжээ. Мөн тус хороонд автобусны 6 буудал дээр сүүдрэвч байрлуулсан байна.

 Түүнчлэн уг аянд иргэд олон нийт идэвхитэй оролцож байгаагийн нэг жишээ нь 3-р хорооны иргэн А.Цэрмаагийн хийсэн бага нарангийн 2-р гудамжинд явган хүний шат хийсэн мөн 4-р хорооны ажилтан алба хаагчид болон иргэд хамтран дунд нарангийн автобусны буудлын хажууд хүүхдийн тоглоомын талбай болон сагсан бөмбөгийн талбайг засварласан зэрэг олон ажил багтаж байна.

Жишиг гудамж байгуулах ажлын хүрээнд 4-р хороо 1-р гудамжны нүүрэнд талын 12 айлын хашааг жигд болгон будаж, их нарангийн 11-р гудамжны 18 айлыг хашааг жигд өнгөөр будаж засварлажээ.

Мөн энэ ажлын хүрээнд 10-р хороо зүүн баян уулын 16Б тоотын дэргэд шинээр хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтын ажлыг хийгээд байна.

     Дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 19-р хорооны залуус тохижилтын ажил хийж байна. Уг ажилд УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батболд, СХД-ийн НАМЗХ-ны тэргүүн Мөнхбаатар болон залуусын төлөөллүүд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

     "Манай хороо Миний гудамж" аяны хүрээнд 4 хороо Их нарангийн 11 дугаар гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж байна.

 

"Шарилжгүй Улаанбаатар" аяны хүрээнд 25 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэгтэй хамтран Ашүн 84,120 айл, Зүүнбаян-уулын 7-р гудамж, Зүүнбаян-уулын 16б гудамжны томоохон гуу жалганы шарилж, зэрлэг ургамлыг түүж цэвэрлэлээ. Мөн тус аяны хүрээнд оршин суугч иргэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн шарилжийг түүж цэвэрлэсэн. Энэхүү ажлын дүнд нийт 333,580 тонн шарилжийг цэвэрлэж ачууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон 24-р хороонд байрлах АТП-3154 АТП-1706 дэд станцын хэрэглэгчдээс дамжуулан авч хол зайд шаардлага хангахгүй олон залгаатай утсаар намаг, ус, голтой газраар ЦЭХ-ийг хэрэглэж хүн амьтны амь насанд аюултай нөхцөл үүсгэн холбогдсон 30 айл өрхийн ЦЭХ-ийг тасалж, залгаа ихтэй, дотор монтажны утас гэх мэт шаардлага хангахгүй 2 км орчим утаснуудыг хурааж авлаа.

Засаг даргын тамгын газар, бүртгэлийн хэлтэс, улаан загалмайн хороотой хамтран “Зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжуулах, нийгэмшүүлэх” ажлыг зохион байгууллаа.

Уг төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжуулж, иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, төрийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 1, 2, 5, 8, 10, 26, 30, 31-р хорооны нийт 74 иргэнийг бичиг баримтжууллаа.