Сонгинохайрхан дүүргийн Цэргийн штабаас санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй сурагчдад Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн үйл ажиллагааг танилцуулжээ.

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг угтан зохион байгуулсан энэхүү ажлын хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийн багш, хошууч Л.Баяр эх оронч хүмүүжил төлөвшил олгох сэдвээр лекц уншив. Энэ үеэр сурагчид хурандаа Б.Дэлгэрцог захирагчтай тус ангийн зэвсэг техник, дайчин алдрын булантай танилцан, урлагийн тоглолт сонирхсон байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

Тэнүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусла гэж ардын үг бий. Монгол нутгийн нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсоны улмаас өвөлжилт хүндэрч мал ихээр хорогдож байгаа юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, харъяа хэлтэс албадын албан хаагчид цасны зузаан цагийн хүндэд зүдэрч байгаа малчиддаа сэтгэлийн дэм болгон мөнгөн тусламж илгээлээ. Тухайлбал ЗДТГ-ын албан хаагчид цалингаасаа 2,240,000 төгрөг, Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид 1,586,000 төгрөг, Бүртгэлийн хэлтсийн албан хаагчид 610,000 төгрөг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 1668 ажилтны нэг өдрийн цалин болох 10 сая төгрөг хандивлах зэргээр хүйтэнд хөрч буй хөдөө орон нутгийнхандаа халуун сэтгэлийн дэм үзүүллээ. Өгье гэвэл ганцаасаа гэдэг. Дүүргийн 16, 21-р хорооны ахмадууд малын нэмнээ 5, элгэвч 5, бээлий 30 хос, лаа 20 толгойг бэлэглэжээ.

Мал хил хэл гуравтайгаа байхад Монгол баян гэнэм. 

Сонгинохайрхан дүүргийн энэ оны Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах  тэмцээн 3-р сарын 1-3 ны өдрүүдэд 42-р сургуулийн спорт зааланд явагдлаа. Тэмцээнд 11 байгууллагын 512 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 

Дүн гарахад эмэгтэй багаас нэгдүгээр байрыг Г.Нямхорол дасгалжуулагчтай 67-р сургууль, хоёрдугаар байрыг О.Батсайхан дасгалжуулагчтай 62-р сургууль, гуравдугаар байрыг Р.Бат-Очир дасгалжуулагчтай 42-р сургууль эзэлсэн бол эрэгтэй багийн дүнгээр тэргүүн байрт П.Хасга дасгалжуулагчтай 107-р сургууль, дэд байрт С.Мөнхбаяр дасгалжуулагчтай 9-р сургууль, гуравдугаар байрт Г.Гантулга дасгалжуулагчтай 65-р сургууль шалгарч өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. 

Сонгинохайрхан дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Униварсиад – III” тэмцээн энэ сарын 2-ны өдөр “Ирээдүй” цогцолбор сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

 

Тус тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн оюутнууд оролцож эрэгтэйчүүдээс  “Ач” дээд сургуулийн баг шилдэг нь байж түрүүлэн, хоёрдугаар байрт “Чингис СООСЭ” дээд сургууль, гуравдугаар байрт “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг тамирчид шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Чингис СООСЭ” дээд сургуулийн баг тэргүүн байр эзэлж “Мандах”, ”Ач” дээд сургуулийн тамирчид тус тус удааллаа. 

 

СХД-ийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдаан 2013 оны 03 дугаар сарын 10-ны Ням гарагт 67 дугаар сургуулийн хурлын зааланд болж Нийтийн зар мэдээ түгээх журам, Иргэний танхимын журам, Хорооны дүрэм, Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үлгэрчилсэн журмуудыг батлав. 

 

Тус хуралд дүүргийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Н.Ганаа, Хурлын Ажлын албаны дарга М.Зундуйдаваа, 7 дугаар хорооны засаг дарга Н.Оюунчимэг ИНХ-ын дарга Л.Чимэдлхам нар оролцлоо.