Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас болон ИТХ-ын даргаас хамтын ажиллагаатай БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн удирдлагууд, ард иргэдэд илгээсэн сар шинийн мэндчилгээний хариу иржээ.

 

Уг мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд танаа Юуны өмнө Сар шинийн мэнд хүргэсэнд талархал илэрхийлж та бүхэнд болон танай дүүргийн нийт иргэдэд гарч буй Могой жилдээ энх тунх байж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон ноён Х.Нямбаатар, Засаг даргаар томилогдсон ноён М.Чинболд нарт баяр хүргэж , ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Өнгөрч буй 2012 он Сонгинохайрхан дүүрэг, Хайлаар дүүргийн найрамдалт хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн жил болсныг тэмдэглэхэд таатай байна. Энэ онд манай хоёр дүүрэг олон жилийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаанд үндэслэн Засаг даргын тамгын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан цаашдын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бий болгож, харилцан ашигтай түншлэн ажиллах шинэ боломжийг нээсэн. Бид бүхний итгэл үнэмшил, хамтын зүтгэлийн үр дүнд хоёр дүүргийн хамтын ажиллагаа салбар бүрт үргэлжлэн өргөжиж, манай хоёр орны ирээдүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хүндэтгэсэн:

Хайлаар дүүргийн намын хорооны дарга Жан Юү Зюнь Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Бао Сью Мин

 

Сар бүрийн эхний өдөр их цэвэрлэгээтэй Орчны бохирдлыг багасгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүрийн 1-ний өдрийг Их цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэх үүрэг даалгаврыг Эрүүл мэндийн яамнаас бүх шатны Засаг дарга нарт өглөө.

 

Энэ удаагийн Их цэвэрлэгээг хавар болж байгаатай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийн гудамж, талбай, гуу жалганд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх, мал амьтны сэг, зэмийг зайлуулах арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Мөн хог хаягдлын цэг, нийтийн бие засах газар, цэвэрлэх байгууламж, бохирын цооногийг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу шинэчлэх, халдваргүйтгэх, шавьжгүйтгэх ажлыг зохион байгуулж, унд, ахуйн хэрэглээний усны эх булаг, ус түгээгүүрийн шугам сүлжээ, ус нөөцлөх сан, шахуургын станц, ус түгээх байранд холбогдох дүрмийн дагуу хамгаалалтын бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих болов. Үүнээс гадна сум, дүүрэг, хороо, баг бүрт ариун цэврийн сайн дурын идэвхтэнг ажиллуулж, тэднийг урамшуулах ажлыг зохион байгуулах юм.

Энэ сарын 24- ний өдөр дүүргийн нийт иргэдийн дунд “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ. “Соёмбо” кинотеатрт болсон тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцсон.

 

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгах, иргэн төвтэй нийгмийг төлөвшүүлэх зорилготой тус хэлэлцүүлэгт хүн амын эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал бус иргэн бүрийн оролцоо чухал, хороо, дүүргийн зүгээс иргэдийн эрүүл мэнд хамгаалалд хэрхэн оролцох талаар нээлттэй хэлэлцлээ. Иргэдийн зүгээс олон санал, санаачлага хэлж байсны ихэнх нь Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой асуудал байлаа Тухайлбал, ӨЭМТ-ийн байрыг томосгох, машинтай болгох, цус болон шээсний шинжилгээний тоног төхөөрөмжтэй болгох зэрэг байв.

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах шат дамжлагыг багасгаж түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 1111, Нийслэлийн 1200 тусгай дугаар, www.ub1200.mn цахим хуудсаар өргөдөл гомдол хүлээн авдаг болсон.

 

Дээрх тусгай дугаарууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийг хүлээн авах төвөөр дамжуулан манай дүүргийн Засаг даргын Тамгын газарт он гарснаас хойш 182 өргөдөл хаяглагдаж ирсэн байна.

Үүний 60 нь хүсэлт, 111 нь гомдол, нэг нь мэдэгдэл байв. Нийт өргөдлийн 44,2 хувь нь хог хаягдал орчны бохирдол, хог тээвэрлэлтийн талаарх, 12,4 хувь нь Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх гомдол байлаа. Аливаа өргөдөл гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. 153 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж, 22 нь шийдвэрлэх шатандаа явж байна. Мөн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани, Татварын хэлтсийн ажлын талаар ирсэн 7 өргөдлийн хугацаа хэтэрчээ. Эдгээр өргөдлийг яаралтай шийдвэрлэхийг тус хэлтэс албадын дарга нарт Засаг даргын Тамгын газраас анхааруулаад байна. Иргэн танд дахин сануулахад өргөдөл гомдол, санал хүсэлтээ дээр дурдсан тусгай дугаарууд, цахим хуудсаар дамжуулан бидэнд илгээгээрэй. Таньд учирсан аливаа асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас түргэн шуурхай шийдвэрлэхийг хичээн ажиллах болно.

 

Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор агаарын чанарын хязгаарлалтын бүсэд багтдаг 22 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын дунд сургалт явууллаа.

 

Дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс зохион байгуулсан уг сургалтанд “Цэвэр агаар сан” - гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нар оролцсон. Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулахад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцооны талаар болон,  эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухны худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийсэн юм.

Хэрэв хөнгөлттэй үнээр авсан зуухаа бусдад дамлан худалвал хуулийн байгууллагаар шалгуулан, “Цэвэр агаар сан”-д үнийг нь 100 хувь буцааж төлөх анхааруулгыг хороодын удирдлагаар дамжуулан иргэдэд хүргэлээ. Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллын 45 мянга гаруй өрх амьдардагаас 13 мянган өрх айл одоогоор утаа бага ялгаруулдаг зуухыг хэрэглэж байна. Үлдсэн айл өрхийг энэ оны 7-р сард багтаан сайжруулсан зуухаар бүрэн хангах юм.