Шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилт болон дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй зонхилох гэмт хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

Юун түрүүнд байгууллагаа танилцуулахгүй юу. Прокурорын байгууллагын үндсэн чиг үүрэг яг юу вэ?

Сонгинохайрхан дүүрэг 120 мянган га газар нутагтай хүн амын тухайд 315 мянган иргэн, 32 хороотой нийслэлийн томоохон дүүрэг. Манай прокурорын байгууллага УИХ-ын 1993 оны 16/59 дугаар тогтоолоор байгуулагдаж, ахлах прокурор 1, хяналтын прокурор 8, үйлчилгээний ажилтан 4 нийт 13 хүний орон тоотой байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Харин одоо манай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор 1, дүүргийн ерөнхий прокурорын орлогч 1, ахлах прокурор 5, хяналтын прокурор 25, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан 13, захиргаа үйлчилгээний 13 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.   

-Саяхан хэд хэдэн хууль шинээр батлагдлаа үүнтэй холбоотойгоор танай байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Прокурорын байгууллагаас Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүргийн хүрээнд  гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд прокурорын хяналтын ажлыг чиглүүлэн ажиллаж байна.

Шинээр батлагдсан хуулиуд болон түүнийг дагалдан гарсан заавар журмуудыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах зорилгоор дотооддоо болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий мөрдөгч нарт чиглэсэн сургалт, зөвөлгөөнийг зохион байгуулан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэг хүн ам болоод газар нутгийнхаа хувьд нийслэлийн хэмжээнд томоохонд ордог. Тэр ч утгаараа та бүхний ажлын ачаалал хэр их байдаг вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан заавар журамд заасны дагуу тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсээс шалгаж байгаа бүх хэрэг болон Нийслэлийн цагдаагийн газар,  Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа зарим хэргүүдийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавин ажилладаг. 

Прокуроруудын ажлын ачаалал маш их байдаг. Ажлын байран дээр сууж хэрэг, материалуудыг хянаж шийдвэрлэхээс гадна, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох, хэргийн газрын үзлэгт оролцох, цагдаагийн хэлтсүүд дээр очиж байцаан шийтгэх ажиллагаанд биечлэн оролцох, цагдан хоригдож буй яллагдагч нартай тогтмол хугацаанд уулзаж гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, хяналтын ажлын чиглэлээр шалгалт судалгаа хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох гэх мэтээр ажлын ачаалал их учраас ажлын бус цагаар болон амралтын өдөр тогтмол сууж ажиллаж байна.

Ер нь дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд 2017 оны эхний хагас жилд нийт 4558 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласнаас 24.7 хувь буюу 1227 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 70.5 хувь буюу 3492 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, үлдэгдэл 231 гомдол, мэдээлэл ажиллагаанд шалгагдаж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэргийн 35 хувийг хулгайлах, 33 хувийг бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах, 7.7 хувийг танхайрах, 3.4 хувийг дээрэмдэх, 1.3 хувийг хүнийг алах гэмт хэрэг эзэлж байна.

Эндээс дүгнэхэд Хулгайлах гэмт хэрэг тус дүүргийн нутаг дэвсгэрт ихэвчлэн үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байна. Мөн түүнчлэн онц ноцтой аргаар үйлдэгдсэн, олон хүний амь насанд халдсан хүний амийг санаатайгаар хохироох хэргүүд үйлдэгддэг.

Тэгвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил явуулж байна вэ?

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр байгууллагын жил, улирлын төлөвлөгөөнд тогтмол тодорхой ажлуудыг хийхээр тусгаж, уг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичих, прокурорын газар дангаараа болон бусад байгууллагуудтай хамтран шалгалт хийх, судалгаа хийх, яриа таниулга хийх, зөвөлгөөн, сургалт зохион байгуулах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дүүргийн гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөө гарган хамтарч цогц ажил зохион байгуулдаг.         

Тухайлбал ЕБС-ын сурагчдын үйлдсэн гэмт хэргийн талаар судалгаа хийх, тухайн сургуулийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг шалгах, сурагчдын дунд эссе, гар зургийн уралдаан зохион байгуулж шагнаж урамшуулах, боршур хэвлэж тараах, сургалт зөвөлгөөн зохион байгуулах гэх мэтээр үе шаттай цогц ажлуудыг хийдэг.

Мөн энэ аргаар эмнэлэг, аж ахуйн нэгжүүд, банк болон бусад байгууллагууд дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байгаа нь илүү үр дүнгээ өгч байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд