Хяналт шалгалт зохион  байгуулах тухай

2014 оны 04 сарын 15 өдөр                       Дугаар А/115

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”,  29.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц, зорчих хэсэг,  Драгон үйлчилгээний төвийн орчимд зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа, үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсугай.

2. Хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хяналт шалгалт зохион байгуулах тухай удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                          М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

     ___ оны __ -р сарын ____-ны өдрийн____

дугаар захирамжийн нэгдүгээр  хавсралт

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга:             Ц.Төрхүү

Дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогч

Гишүүд:                                      Г.Ууганбаяр

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

С.Ганболд

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

Б.Батсуурь

Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга

О.Болдсайхан

Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга

С.Жавхлантбаатар

Замын цагдаагийн тасгийн дарга

Харъяа хороодын Засаг дарга

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___ -рсарын ____-ны өдрийн____

дугаар захирамжийн хоёрдугаар  хавсралт

 

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙ, ЯВГАН ЗОРЧИГЧИЙН 

ЗАМ ДЭЭР ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ  

ЯВУУЛЖ БУЙ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙХ ТУХАЙ

2014.04.11

Нэг. Шалгалтын зорилго:

Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ариун цэврийн тухай хууль”, “Хүнсний тухай хууль”, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, Дүүргийн Засаг даргын 2014 оны А/50 захирамжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, нийтийн эзэмшлийн зам талбай, явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, холбогдох арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахад оршино.

Хоёр. Шалгалтын хугацаа, хамрах хүрээ:

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түлээ нүүрс, малын тэжээл, ил задгай худалдаа, 15-р хорооны 19,20-р байрны  баруун талд байрлах цайны газруудыг хамруулан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 21-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж явуулна.

Гурав. Шалгалтын бүрэлдэхүүн

Шалгалтыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс ахлан Сонгинохайрхан дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын  хэлтсийн Мал амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын, байгаль орчны хяналтын, эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагчид болон Цагдаагийн 1, 3-р хэлтсийн Хэв журмын тасаг, Замын Цагдаагийн тасгийн байцаагчид явуулна.

Дөрөв. Шалгалтын чиглэл

            Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түлээ нүүрс, малын тэжээл, ил задгай худалдааг зогсоож, газрыг  чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж 15-р хорооны 19, 20-р байрны  баруун талд байрлах цайны газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, биелэлтийг хангуулахад анхаарч ажиллах.

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн хяналтын чиглэлээр:

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулахад Хороодын Засаг дарга, хууль, мэргэжлийн хяналтын байгууллагын тавих хяналтыг эрчимжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах         

Байгаль орчны хяналтын чиглэлээр:

  1. “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалт;

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр:

  1. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000 стандартын хэрэгжилт;
  2. Хөдөлмөрийн болон нийтийн хоолны эрүүл ахуйн нөхцөлд физик хэмжилт хийх; хоол хүнсэнд хэрэглэгдэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих

 Хүнсний эрүүл ахуйн хяналтын чиглэлээр:

  1. Худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, чанар аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэх талаар сорьц дээж авч шинжилгээнд хамруулан дүгнэлт гаргах /шаардлагатай тохиолдолд сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ард иргэдэд хүргэх/

Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын чиглэлээр:

  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны “Улаанбаатар хотод мал нядалгааны цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилт;
  2. Нийслэлийн Засаг даргын 2004 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт малын гаралтай түүхий эд худалдан борлуулах, түүнд хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.11, 3.3, 3.4 дэх заалтын хэрэгжилт;
  3. Дээрх газруудад зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулсан иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх

 Цагдаагийн байгууллагын хяналтын чиглэлээр:

  1. Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулан зорчих хэсэг болон явган зорчигчийн зам  дээр зохих зөвшөөрөлгүй  худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгаж, бүртгэл, судалгаанд хамруулах.
  2. Худалдаа, үйлчилгээ явуулж буй иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад албан мэдэгдэл, шаардлага өгч, үр дүнг тооцох.
  3. Дээрх газруудад зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулсан иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх.
  4. Цагдаагийн эргүүлийн чиглэлд хамруулж, хэв журам сахиулах

Тав. Шалгалтын дүн

       Хамтарсан шалгалтын явцын дүн, танилцуулгыг 2014 оны  04 дүгээр сарын 22-ны дотор нэгтгэн дүүргийн Засаг даргад танилцуулан цаашид авах арга хэмжээний санал дүгнэлт гаргана.     

 

Захирамж

 

<< < 1 > >>